Гэрээг монголын талд ашигтайгаар өөрчлөхөд хариуд нь заавал нэг зүйл тулгах байдал ажиглагдах юм – Mongolian Mining Journal

April 13, 2011

Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцоонд хүрснээ Монгол улсын Засгийн газар албан ёсоор мэдэгдлээ. Гэрээнд орсон өөрчлөлтийг судлаачид хэрхэн хүлээж авч байгаа бол? Энэ талаар “Нээлттэй нийгэм форум”-ын менежер, судлаач Н.Дорждарийн байр суурийг сонирхсон юм. “Нээлттэй нийгэм форум” Оюутолгойн гэрээг нэлээд ултай судалж, дүн шинжилгээ хийж байсныг уншигчид санаж байгаа биз ээ.

Read the rest of this entry »


Хаалттай бодлого

January 4, 2011

Засгийн газарт нээлттэй засаг гэсэн вэб сайт бий. Сангийн яаманд ил тод гов\засаг\ гэсэн вэб сайт бас бий. парламентад нээлттэй парламент гэсэн вэб сайт бий. Сүүлийн хорин жилд мэдээллийг олон нийтэд хүргэх тал дээр ихээхэн ахиц гарсан. Техникийн хувьд ч энэ ажил боломжтой болсон. Парламентын үйл ажиллагааг ТВ-ээр шууд үзэх боломж хүртэл нээгдсэн байгаа.

Харин оны өмнөхөн УИХ-ын дэгийн тухай хуулийг өөрчилж, байнгын хороодыг хаалттай хуралдуулдаг болжээ. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүд асуудлынхаа гүн рүү орохгүй, популизмээр занималддаг гэх эрээ цээргүй тайлбарыг нэгэн дарга сонин дээр өгчээ. Иргэдийгээ басамжилсан, доромжилсон тайлбар.

Хуралдаан нээлттэй болвол иргэд хэн юу ярьж, асуудлын гүн рүү орж байгаа эсэхийг уг нь ойлгохтойгоо байлгүй дээ. Харин ч аливаа бодлого зөв, сайн гарах үндэс бол ил тод байдал. Ил хэлэлцэж байгаа асуудлыг л нухацтай, олон талаас нь хэлэлцэнэ. Хаалттай хуралдаанаар зөвхөн цөөн чадалтай сонирхлын бүлгүүдийн эрх ашгийг л гишүүд маань урагшлуулах нь гарцаагүй. Дараа нь хэн ч хариуцлага хүлээхгүй. Бодлого хаалттай болжээ. Оновчгүй бодлого хаалттай бодлого хоёр ижил утгатай.


Гэрээг нууцлах шаардлага юу байнаа?

November 18, 2010

ТВ25-р “дуусдаггүй яриа”-г үзлээ. Оюутолгойн тухай ярьж байна. Энэ үнэхээр ойрын хэдэн арван жилдээ дуусахгүй ярианы сэдэв бололтой. ОТ-н удирдах зөвлөлд Монголын хувь эзэмшлийг төлөөлөн суугаа гурван эрмийн хоёр нь энэ нэвтрүүлэгт хэд хэдэн их хурлын гишүүдийн хамт ярилцаж байгаа нь харагдав. Яг үнэндээ нэг их сайн яриа болсонгүй. Учир нь тэр гэрээнд ямар асуудлууд орсныг гишүүд мэдэхгүй, эсвэл мэдэн будилж байгаа нь харагдаж байв. Тухайлбал, дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцааныхаа 10 хувийг хэзээ арилжаалах \энэ хуулийн заалтыг ОТ-н хувьд хэрэглэхгүйг гэрээнд заасан\, гэнэтийн ашгийн татварыг орлох шинэ татвар ОТ-д хамаарах \мөн л гэрээнд энэ болон аливаа орлох татвар ОТ-д хамаарахгүйг заасан\ гэх мэт зүйлсийг гишүүд ч, ОТ-н ТУЗ-ийн эрхмүүд ч ярьж л байх юм. За тэр ч яахав, мэдэн будилж байгаа гэж үзье. Харин нэвтрүүлэгт хоцорч орж ирсэн нэгэн гишүүний гарт ОТ-н хувь нийлүүлэгчдийн гэрээ байгаа нь харагдлаа. Тэр гэрээ нь нууц гэнэ. Нууц гэсэн улаан тамгатай юм байна.

Гэрээ нууц байх ёстой юу? гэдэг асуудал урган гарч байна. Газрын баялаг бол ард түмний өмч, тиймээс эзэд нь өмчийг нь хэн нэгэн хэрхэн захиран зарцуулж байгааг мэдэх учиртай. Тиймээс ч ОТ-н хөрөнгө оруулалтын гэрээг засгийн газар ил болгосон. Харин хувь нийлүүлэгчийн гэрээний хувьд яах ёстой вэ? Ил байх уу? Далд байх уу?

Нэвтрүүлгээс харж байхад энэ хоёр гэрээ нийлж байж Монголын тал ОТ төслөөс юу хүртэхийг тооцох, төсөөлөх боломжтой нь хэнд ч ойлгогдохоор байв. Аль нэг гэрээ нь ил бус бол нэг гэрээг нь хэн ч үзсэн тухайн төслийн талаар бүрэн ойлголт авч, ашигтай эсэхийг нь мэдэх боломжгүй. Тиймээс ч уг нь хоёр гэрээг хоёуланг нь ил болгох учиртай. Үүнийг бүр ашигт малтмалын ч юм уу, олборлох салбарын \үүнд газрын тос, уран зэрэг мөн орох ёстой\ ил тод байдлын тухай хуулиар баталгаажуулах ёстой.

Хамгийн инээдтэй нь \мөн эмгэнэлтэй нь\ нууц гэх тэр хувь нийлүүлэгчийн гэрээ нь Торонтогийн бирж дээр англи хэл дээр байж байгаа. Тэр нь тэр биржийн дүрэм, тиймээс Айвенхоу тэр дүрмийн дагуу гэрээг тэнд ил болгосон байгаа. Тиймээс энэ гэрээг үнэн хэрэгтээ гадныхнаас бус, ард түмнээсээ л нууж байгаа хэрэг. Ард түмэнд тийм ч ашигтай бус болохоор тэр биз. Торонтогийн биржээр дамжуулан хөрөнгө оруулж байгаа хүмүүст их ашигтай гэрээ болсныг батлахын төлөө Айвенхоу тэр мэдээллийг харин канадчуудад, мөн америкчуудад  ил болгоо биз.


Дарга болох хүн олдохгүй байна…

November 12, 2010

Дээр Монголбанкны хяналтын зөвлөл гэгч хэрэггүй бүтцийн бүрэлдэхүүнийг баталж байгааг зурагтаар ажиглаж билээ. Зургаан жилээр томилогддог энэ албан тушаалд хэд хэдэн хүн улиран сонгогдож байв. 12 жил нэг ажил хийнэ гэсэн үг. Ялангуяа өмнөх 6 жилд нь банкинд алдаа завхрал огт гарч байгаагүйг бодвол болох л биз. \харин ч тэдний хүчинд цөөн хэдэн завхрал ил болж, ганц хоёр банк дампуурсан юм болов уу?\ Дээр нь хэдэн шинэ хүн \хуучин дарга\ томилогдож байв. Эдийн засгийн байнгын хорооны дарга хүмүүсийг УИХ-д оруулж ирж байнаа. Гишүүд зарим нь яагаад хүмүүсийг улираах гээд байгааг, мөн зарим хүмүүс энэ ажилд тохирох эсэхийг лавлатал хуулиар энэ албанд улс төрийн албан хаагчид орж болохгүй тул хүн олдохгүй, байнгын хорооны дарга бараг гуйж байж хэдэн хүнийг арай ядан зөвшөөрүүлж, энэ албанд ийнхүү томилж байгаа зовлонгоо учирлаад, энэ хүмүүсийг зөвшөөрснөө буцахаас өмнө олон юм асуулгүй батлахыг хүсч байгаа харагдав.

Саяхан бас Хөгжлийн банкны удирдах зөвлөлийг баталжээ. Пит Морроу, Төв банкийг удирдаж байсан Энхжаргал гэх мэт урьд нь арилжааны банкинд ажилж байсан хүмүүс, хөгжлийн банкинд мөнгө хялаалгаж магадгүй Эрдэнэс МГЛ-ийн босс зэрэг хүмүүс орсон байв. Бас л хүн олдохгүй их зовсон бололтой. Ил тод ажиллана гэж ярьж байсан ч энэ томилгоо л лавдаг баталгаажсаны дараа л олон нийтэд ил болов. Хөгжлийн банк гэдэг бол нэгт арилжааны банк биш, хоёрт уул уурхайн бизнес биш. Лондонд ажилж амьдардаг мундаг хүнийг гуйж гувшиж энд цалингүй ажиллуулах хэрэгцээ байсан л юм байх даа. Гадаадад ажилж амьдарч байгаад эх орондоо бүтээх эрмэлзэлтэй ирсэн залуучууд үүнийг анзаарч л байгаа байх. Таван толгойг ашигтай ажиллуулахын төлөө хоногийн 25 цаг ажиллах учиртай хүн Хөгжлийн банкны асуудлыг шийдээд явах завтай байхыг харахад Тавантолгой ч асуудалгүй бололтойдог. За тэр нөгөө ХААН банкны босс байсан хүн одоо ч малчдын төлж чадаагүй өрийг Хөгжлийн банкнаас гаргуулаад ХААН банкиндаа өгөх л байхдаа. Тэр банкинд теллер, доогуур албан тушаалтнууд нь боолын шахуу хөдөлмөр эрхэлж, цөөн хэдэн төгрөг авдаг, тэр тогтолцоог эрхэм Морроу хийсэн байдаг. Ийм хүнд итгэж хөгжлөө хариуцуулж болно гэж үү?

За нэг иймэрхүү, бас л дарга болох хүн олдоогүй, гуйж гувшиж байж энэ нэрсийг гаргаа биз дээ. Төрийн өмчит компаниудын удирдах зөвлөлийг хөндлөнгийн хүмүүсээр тэлж, нээх бодлого явуулна гэж ерөнхий сайд мэдэгдэж байсан. Ажиглаад байхнээ ажилгүй болсон дарга нар л тэр хөндлөнгийн хүмүүс нь байж таарч байна. Монголд дарга мундаагүй ээ. Харин сайн мэргэжилтнүүд дутагдаж байгаа нь үнэн. Гэхдээ сайн мэргэжилтнийг бэлтгэж гаргадаг, ажиллуулж туршлага суулгадаг болохоос хэдэн дарга нар нь ээлжлээд тэнд ажиллавал Монголд сайн менежерүүд гарах нь юу л бол. Дарга болох найз нөхөд байвал энэ томилгоо хийж байгаа улсуудад хэлээрэй.


Индексүүд

October 30, 2010

Сүүлийн үед төр засгийн ил тод, нээлттэй байдал, авилгатай холбоотой хэд хэдэн олон улсын индекс үр дүнгээ танилцуулжээ. Хамгийн сүүлийн дүнгийг нь зарласан нь Орлогын ажиглагч индекс юм. Орлогын ажиглагч хүрээлэн \revenue watch institute\ Транспарэнси Интернэшнл хэмээх хоёр том төрийн бус олон улсын байгууллага нөөц баялаг ихтэй 41 улсыг хамруулан газрын тосны болон уул уурхайн салбар дахь лиценз, гэрээ, төлбөр татвар зэрэгтэй холбоотой олон асуудлаар индексийг тооцоход Монгол Улс 41 орноос 30-р байранд оржээ. Биднийг Орос, Казах, Азербайжан зэрэг битүүхэндээ засаглалыг нь голж явдаг улс орнууд хол хаясан ба Африкчуудтай л зэрэгцэн явж байх шиг байна. Өөр нэг индекс бол Олон улсын төсвийн хамтын ажиллагаа хэмээх төрийн бус байгууллагын Нээлттэй төсвийн индекс юм. Энэ индексээр Монгол Улс авах ёстой 100 онооноос 60-г нь авч, өмнөх 2008 оны дүнтэй харьцуулахад хамгийн их ахиц гаргасан улсаар шалгарчээ. Гэхдээ л 60 оноо авч байгаа нь хангалттай дүн гэж үзэх зүйл биш байх. Өмнөхөн мөн эдийн засгийн өрсөлдөх чадвартай холбоотой томоохон индекс гарсан билээ. Тэр индекст гурван ч үзүүлэлтээр хамгийн сүүлийн буюу 139-р байранд орсон байдаг. \үргэлжлүүлнээ\


Bravo Chile!

October 13, 2010

Чилид газрын гүнд 69 хоногийн турш үхэх сэхэхийн зааг дээр байсан 33 уурхайчныг аварч эхэллээ. Үнэхээр гайхамшигтай. Чилийн ард түмэнд баяр хүргэе. Аз, инженерүүдийн авъяас, зохион байгуулалт, уурхайчдын тэсвэр тэвчээр, олны итгэл найдвар бүгд л амжилтын үндэс байсан биз.

Уурхайд ямар ч осол гарч болно. Тэр тусмаа газрын гүнд. Манайд олон арван хүн нурангид даруулж амиа алдаж байгаа. Жил бүр. Юу ч болоогүй юм шиг л байдаг. Цөөн хүнийг аварч чаддаг. Үхсэнийг нь хохь нь гэдэг. Харин гүний уурхай манайд олон биш. Тэр тусмаа Оюутолгой бол үнэндээ анхны гэж хэлж болмоор гүний уурхай. 1300 гаруй метр ухсан, “блок кэйв” гэх аргаар хүдрийн биетийг дээш гаргаж ирэх төлөвлөгөөтэй байгаа. Тэнд харин осол болвол бид Чили шиг хүмүүсээ аварч чадах уу? Манайд ийм ажлыг хийх зохион байгуулалт, инженерүүд, хариуцлага байгаа билүү? Оюутолгойн босоо амыг ухаж байхад 2 хүн харамсалтайгаар амиа алдсан байгаа. Өөрсдийнх нь буруу гээд тэгсгээд л өнгөрсөн байх. Хэн ямар хариуцлага үүрсэн нь тодорхой биш. Бодвол гэр бүлийнхэнд нь цөөн хэдэн төгрөг өгөөд дууссан биз. Ядуу монголчуудыг ингэж худалдаад авахад компанид бол хялбар биз. Харин иргэнээ алдсан төрд ямар нөхөн төлбөр төлсөн бэ? Мэдээж төр нь иргэнийхээ төлөө юм нэхэхгүй бол сайн дураараа юу гэж компани төрд төлбөр төлөх вэ дээ.

Осол битгий гараасай л гэж найдах үлдэх шив дээ.

 


Шилжилт дууссан уу?

October 13, 2010

Ерөнхий сайд С. Батболд Монголд шилжилтийн үе дууссан гэж албан ёсоор зарлалаа. Улс төрийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч. Үнэхээр шилжилт дууссан болов уу? Сонирхолтой л асуудал.

Мэдээж асуудлыг олон өнцгөөс харж хариулт өгч болно. Миний хувьд шилжилт дуусаагүй л байна. Яагаад гэвэл манайд сул ашиг хайх явдал огт буураагүй байгаа. Сул ашиг хайна гэдэг нь үндсэндээ төр нэрийн дор бизнес хийдэг, төсөв, төрийн өмчит компани гээчээс сааж амьдардаг, гэнэт баяжих сэтгэлгээнд хүлэгдсэн хүмүүс нийгэмд олноороо байхыг хэлэх болов уу. Энэ сэтгэлгээ арилаагүй байхад систем, институционал, үр дүн талаас нь ч авч үзсэн шилжилт дуусах болоогүй байх. Түүнчлэн нэг нам давамгайлсан системээс зайлсхийж байж улс төрийн шилжилтийг дууссан гэж үзэх байх. Ялангуяа коммунист намын давамгайлал арилсан тохиолдолд. Өнөөдөр манайд харин нэг л нам байна уу гэлтэй.