Өмнийн Говийн Хөгжлийн Зөвлөл

June 17, 2010

2010 оны 5 дугаар сарын 21-ний Засгийн газрын 124-р тогтоолоор Өмнийн Говийн Хөгжлийн Зөвлөл байгуулагджээ. Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний дөрөвдүгээр бүлэгт ийм зөвлөлийг Засгийн газар байгуулахаар заасан байдаг. Зөвлөл нь Өмнөговь аймагт чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг удирдах зөвлөлтэй байх бөгөөд түүнд нь иргэний нийгмийн байгууллагууд ч орохоор тогтсон байгаа. Зөвлөлийн үүрэг нь товчхондоо тус аймгийн хөгжлийг төлөвлөх, хөгжилд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Засгийн газарт туслах явдал. Харин зөвлөлд яг ямар байгууллага, хувь хүн орохыг гэрээнд нарийн заагаагүй. Тиймээс чухам ямар хүмүүс түүний дотор ялангуяа иргэний нийгмийн байгууллагууд уг зөвлөлд орж ажиллах болсныг сонирхож үзэв.

Уг зөвлөл нь 41 хүний бүрэлдэхүүнтэй, нэг нарийн бичгийн даргатай. Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын хоёр гишүүн тус зөвлөлийн хоёр дарга нь. 25 нь ямар нэгэн дарга. Дээр нь нэг орлогч, нэг ахлах референт, хоёр ИТХ-ын төлөөлөгч, гурван ерөнхийлөгч, нэг тэргүүн, зургаан захирал. Нарийн бичиг нь “бүрэн эрхт” төлөөлөгч. Өөрөөр хэлбэл хариуцлагатай албан тушаал хашсан дан дарга нар.

Төрийн байгууллагыг төлөөлж 28, түүнээс 16 нь орон нутгийн засаг захиргаанд алба хашигчид. Мөн 7 компанийн захирал, 2 бизнесийн салбарыг төлөөлсөн төрийн бус байгууллага зөвлөлд орсон байна. Харин иргэний нийгмийг төлөөлүүлж таван байгууллагыг сонгон уг зөвлөлд оруулсан бололтой. Тэд хэн бэ?

Шинэ Ханбогд холбоо ТББ-ын тэргүүн Т. Эрдэнэ-Очир, Залуучуудын хөгжлийн төв ТББ-ын Ч. Буянбаатар, Өмнөговь аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Х. Байгалмаа, Өмнөговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д. Мөнх-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Ахмадын хорооны дарга Б. Бат-Өлзий. Бизнесийг төлөөлж буй хоёр ТББ нь Бизнесийн зөвлөлдөх зөвлөлийн тэргүүн А. Идэрцог, Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д. Дамба.  Нэгэнт бизнесийг төлөөлж байгаа учраас иргэний нийгмийн байгууллага гэх оновчгүй байх. Харин Өмнөговьд ажилдаг дээрх таван байгууллага нэрнээс нь харахад үнэхээр иргэний нийгмийн төлөөлөгчид бололтой.

Гэвч тэдний гурав нь даргатай байгууллага байгаа нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл социализмын үед байгуулагдсан, магадгүй төсвөөс санхүүждэг байгууллагуудын төлөөлөгчид. Мөн уул уурхайн салбарын талаар хийсэн ажлын туршлага бараг байхгүй байгууллагууд. Цаана нь хоёр ТББ байна. Энэ хоёр нь үнэхээр иргэний нийгмийн байгууллага байгаа гэж найдах л үлдэж. Тийм байсан ч 42 хүний, олон даргатай зөвлөлд энэ хоёр идэвхтэй ажиллах боломж бага л байх.

Засгийн газарт туслах зорилготой энэ байгууллага ямар ч л байсан Өмнийн говийн хөгжилд чухал үүрэгтэй байх эрмэлзэлтэй байх. Аймгийн ИТХ, засаг захиргааны үүрэг бусад аймгийнхаас буурах юм болов уу. Засаглалын хомсдол нэгэнт үүссэн гэх энэ аймагт уг нь байнгын идэвхтэй үйл ажиллагаатай, нээлттэй, чадавхитай төрийн бус байгууллагуудыг оруулсан бол дэм болохгүй юм гэхэд тээг болохгүй л байсан байх. Мэдээж дарга нарыг шийдвэр гаргахад нь элдэв зүйл анхааруулан эсэргүүцэх магадлалтай, үүнээс зөвлөлийг байгуулсан хүмүүс сэрэмжилсэн л байх. Харин одоо байгаа бүрэлдэхүүнд олон дарга нартай эн зэрэгцэн ажиллах бололцоо хомс л байх даа.


Нэг талбайд нэг л лиценз эзэмшигч байх ёстой юу?

April 25, 2010

Ашигт малтмалын хайгуулын лицензийн талбайг давхардуулж олгох ёсгүй. Харин давхардуулж олгодог болвол зөв ч юм уу? Түрүүлж олсон нь л ашиглалтын лиценз авах давуу эрхтэй болно биз. Төмрийн хүдэр хайж байгаа компанийн аргачлал, технологи нь өөр төрлийн ашигт малтмалыг илрүүлэхгүй байх боломжтой шүү дээ. Тэгээд өөрийн хүссэн зүйлээ олоогүй бол БЧП Айвеноу-д Оюутолгойн лицензээ үлдээсэнчлэн гэрээ хийгээд зарчихаад явчихаж болох юм.


Хувьцаа гаргаснаар ард иргэдийн хувь буурах биш үү?

February 2, 2010

Төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл хэмээх баримт бичгийг Засгийн газар УИХ-д оруулсан байгаа. Энд яригдаж байгаа нэг гол асуудал бол төрийн өмчийн томоохон уул уурхайн компаниудыг нэгтгэж холдинг компани байгуулаад, түүнийхээ тодорхой хувийг хувьцаа гаргах замаар арилжиж, мөнгө босгох явдал юм. Болохгүй зүйл биш. Энэ нь үнэндээ тухайн компаниудаас ирээдүйд ногдол ашиг хэлбэрээр олох ашгаа өнөөдөр тодорхой хэмжээний мөнгөөр солих явдал юм. Хангалттай үнэ хүргэж энэ солилцоог хийж чадах уу? Ирээдүйн орлогоо өнөөдөр их хэмжээгээр авчихлаар түүнийгээ зөв ашиглаж, ирээдүйд ногдол ашиг хэлбэрээр олох байснаасаа илүү өгөөжтэй хөрөнгө оруулалт болгож чадах уу гэдэг хоёр асуудал мэдээж тавигдана.

Харин энд би өөр нэг асуудал байгааг онцлох гэсэн юм. Саяхан хүний хөгжил сангийн тухай хууль батлагдсан. Энэ хуулийн дагуу төрийн өмчит компаниудын төрийн эзэмшлийг барьж байх холдинг компанийн хувьцааг Монголын ард түмэн эзэмшинэ гээд заачихсан байгаа. Өөрөөр хэлбэл, ард түмний эзэмшлийн компанийн тодорхой хэсгийг зарах асуудал яригдаж байна. Тэгэхлээр мэдээж ирээдүйд ард түмэнд очих ногдол ашиг нь буурах нь гарцаагүй. Эзнээс нь асуухгүй хөрөнгийг нь зарчих гээд байгаа дүр харагдаж байгаа биз?


Барилгачин ба шийдвэр гаргагч нэг хүн

January 6, 2010

Сүүлийн үед төрийн албан хаагчдад 4000 орон сууц авахад нь төр дэмжлэг үзүүлэх талаар маш их яригдаж байна. 650 мянган төгрөгөөр орон сууцтай болох боломжийг төрийн албан хаагчдад олгож, нөгөө талаар зарагдахгүй байгаа байрнуудыг эргэлтэд оруулж барилгын салбараа тэтгэх асуудал яригдаж байгаа нь зүйн хэрэг. Гэвч компаниуд ийм үнээр байраа зарахгүй гэж байх шиг. Их зардал гаргасан юм чинь аргагүй биз. Мэдээж зээл их олдоод, барилгын үнэ сард 100 доллараар өсч байсан үед компаниуд сул ашиг олж байна гэж их олон хүн хардаж байсан. Тэр үеийнх шиг үнээ нэмэхгүй л бол барам гэж тэд хэлэх нь зөв биз дээ. Бизнес гэдэг дандаа ашигтай байдаггүй. Монголоос бусад газар. Төртэй холилдсоноос бусад бизнес. Харин манайд бол том компаниуд дандаа л ашигтай байдаг. Яагаад?

Нэг УИХ-ын гишүүн барилгын комданиудын эрх ашгийг хамгаалдаг компанийн ерөнхийлөгч юм байна. Тэр ойрхон ТВ-ээр компаниудын өмнөөс дугарч үзэгдэх болж. Бас тэр бодлогын шийдвэрүүдийг УИХ-ын нэрийн өмнөөс гаргана. Тэр хүний ярьж байгаа зүйл зөв л байх. Гагцхүү энэ асуудлын нэг л талыг төлөөлсөн хүн шууд шийдвэр гаргагчдын нэг байх нь хэр зохимжтой юм бол. Уул уурхайн ассоциацийн тэргүүнээр УИХ-ын нэгэн гишүүн байвал ер нь ямар вэ? Нэг байнгын хорооны даргыг тавьчих хэрэгтэй ш дээ.

Барилгачин УИХ-ын гишүүн төрийн албан хаагчдад хямд барилга олж өгөхийг зорих уу, компанийнхаа борлуулалтыг нэмэгдүүлэхийг зорих уу? Энэ хоёр зорилго зөрчилдвөл яанаа?


Хүний хөгжил сан

December 21, 2009

Монголд олон сан байдаг. Олон сайхан нэртэй. Ихэнхийнх нь үйл ажиллагааны үр дүн тодорхой биш. Харин саяхан нэг том сан байгуулахаар болжээ. Хүний хөгжил сан. Тусгай хуулиар зохицуулагдах цөөхөн сангийн нэг. Сонирхоод хуулийг нь үзлээ. Хуульч биш болохоор ойлгох юм алга. Гэхдээ хуульч биш хүний нүдэнд тусах зарим нэгэн зүйл байнаа.

Үндсэн санаа нь уул уурхайн баялгийг ард түмэндээ тэгш хүргэх. Энэ тухай хоёр нам нэг нь хишиг, нөгөө нь хувь гээд сонгуулийн үеэр амлачихсан. Харин хоёр нам зөвшилцөлд хүрч, хүний хөгжлийн нэртэй байхаар тогтжээ. Харин хуулинд хишиг, хувь гэх үгийг зэрэгцүүлэн хэрэглэжээ. Энэ хууль хүчинтэй байхад энэ хоёр намыг би л лав мартахгүй болжээ. За тэр ч яахав.

Read the rest of this entry »


Сонгуулийн амлалт…

December 3, 2009

Хүүхэд бүрт 10 мянган төгрөг өгнө. Иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө. 2.5 саяыг иргэн бүрт өгүүлнэ. Энэ бол сонгуулийн амлалтууд. Амалсан нь ялж байхад цаашид ч бүр ихийг иргэддээ амална. Гэхдээ амалснаа биелүүлэхэд улам хүнд болно. 2012 онд юу амлах бол? 5 сая төгрөг? Харин 2016 онд? Магадгүй Оюутолгойг, Таван Толгойг нийгэмчлэхээр амална. Тэгээд түүнийгээ хэрэгжүүлэх гэж зүтгэнэ…


Өмчөөсөө хишиг хүртээд байхдаа ч яахав дээ…

November 18, 2009

Хүний хөгжлийн сангийн тухай хууль батлагджээ. Энэ хуулийн дагуу уул уурхайн зарим орлогоос хишиг, хувь хүртэнэ гэжээ. Байгалийн баялаг ард түмний өмч гэж байгаа. Өөрийнхөө өмчийг ашиглуулсны төлөө төлбөр авч, хамтран ашиглах бизнесийг эрхэлж байгаа бол ногдол ашиг, ашгийн хувь хүртэх нь зөв байх. Харин өмчөөсөө хишиг хүртээд байх нь ч хаашаа юм. Хишиг хүртээгч нь тэгээд компаниуд уу, төр үү? Эсвэл өөрөө өөртөө хишиг хүртээж байгаа явдал уу?


Тэрбум…

November 5, 2009

УИХ-аар төсөв хэлэлцэж эхлэхтэй холбогдуулан гишүүний тойрог бүрт 500 сая төгрөг хөрөнгө оруулах нэрийн дор өгч байсан туршлагыг бүр цаашлуулж, нэг тэрбум болгоод өсгөвөл яах бол гээд нэг бор шувуу нисгээд үзлээ. Мэдээж хүмүүс таатай хүлээж авсангүй. Гэхдээ зэсийн үнэ дахин өсч байгаа энэ үед төсөв цаашид өсөх магадлалтай ба хэдэн жилийн дараа төсөв ашигтай гарах юм бол хүмүүс нэг их анзаарахгүй ч байж мэднэ.

76 хан тэрбум төгрөг ш дээ гэж гишүүд хэлж магадгүй ээ. Харин үүний цаана засаглалын үүрэг, хариуцлагыг тодорхой хуваарилах зарчим алдагдаад байгаа нь харамсалтай. УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүнээр давхар ажиллана. Одоо төсвийг гишүүд батлана, бас өөрсдөө хамт зарцуулна, бас зарцуулалтад нь хяналт тавина. Аль аль нь чанартай болно гэдэгт итгэхэд хүнд.


Урьдчилгаа 250 сая долларыг юунд зарцуулах вэ?

October 19, 2009

Оюутолгойн ордыг ашиглах гэрээг байгуулж, татварын урьдчилгаа болгож 250 сая доллар хүүтэйгээр авах болсон билээ. Энэ мөнгийг хэрхэх тухай Ерөнхий сайд Баяр телевизээр ярьж байв. Тухайлбал, иргэний бүртгэлийн тогтолцоог сайжруулахад зарцуулах юм гэсэн. Энд ч болохгүй юм алга л даа. Харин гүйцэтгэх засаглалын тэргүүн маань төсөвт орж ирэх мөнгийг шууд дур мэдэн юунд зарцуулахыг зарлаж байгаа нь анхаарал татлаа. Уг нь энэ асуудлыг УИХ-д оруулж, тэд эцсийн шийдвэр гаргах ёстой байх. Засаглалын зааг ялгаа байхгүй болсон гэж ярьдаг ортой нь энгийн жишээнээс харагдах юм.


Тооцоо судалгаагүй эдийн засгийн талаар ярих “эдийн засагчид”

July 20, 2009

Эдийн засгийн талаар энгийн хүмүүст тайлбарлан ярих тийм ч амар зүйл биш билээ. Тиймээс ч олон жил эдийн засаг заасан, судалгаа хийсэн, нэр хүндтэй болсон эдийн засагчид сүүдээ сонин сэтгүүлийн булан хөтлөх, олон нийтэд хандан эдийн засгийн амьдралын тайлбар хийх зэрэг ажлыг хийдэг билээ.

Харин манайд бол нилээд өөр. Эдийн засгийн асуудлаар мэргэшсэн сэтгүүлчид гэж цөөхөн. Тэд ихэвчлэн хүний хэлснийг зөв буруу дамжуулна. Мундаг гэх хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засагчид цөөн. Эдийн засагчид нэг зүйл хэлэхлээр улс төрийн өнцгөөс хариу бариад аливаа санааг нь будаа болгоно. “Та нарын тоо тооцоог тооны машин байхад яаж ч гаргаж болно гэж хэлнэ.

Өнөөдөр эдийн засгийн судалгаа хийдэг газар үнэндээ алга байна. Монголбанкинд нэг судалгааны нэгж байдаг ч тэдний судалгаанд тулгуурлаж бодлогоо явуулдаг газар байхгүй, бүр банк нь ч тэр бүр бодлогоо тэр судалгаанд нийцүүлэхгүй. Статистикийн газар зарим тоон мэдээлэл гаргана, түүнээс цаашлахгүй. Бодлого барьж, хэрэгжүүлж байгаа яамдууд бичиг цаас нааш шидэлцсээр байгаад судалгаа хийх цаг зав байхгүй, мөн төсөв хөрөнгө ч байхгүй. Тиймээс гадны байгууллагын Монголтой үе үе нэг хоёр долоо хоногоор танилцдаг гадны нөхдүүд л манай гол судалгаануудыг хийнэ дээ.

Судалгаа байнга хийж байх ёстой их сургуулиуд, шинжлэх ухааны байгууллагууд “мөнгө нь байвал үнэнийг ч үр дүнд нь гаргаж чадах” болж дээ. Тиймээс тэдний судалгаа, бие даасан байдалд хэн ч итгэхгүй болж дээ.

Манай мундаг эрдэмтэд заримдаа үнэндээ ичмээр зүйл эдийн засгийн талаар ярьж байгаа харагддаг. ОТ-н гэрээ гэхэд л баялаг нь ямар хэмжээтэй юм, өнөөгийн үнэ цэнэ нь хэд үү, ашгийг яг яаж хувааж байгаа талаар нэг тоо хэлэх хүн байдаггүй. Улаан цайм худлаа ярих нь хүртэл их. Ийм байхад шийдвэр ч яаж гарах нь ойлгомжтой. Зөвхөн улс төрийн л шийдвэр гарна.


Follow

Get every new post delivered to your Inbox.