Саяхан ТВ-ээр нэгэн албан тушаалтан лицензийн тоо сүүлийн жилүүдэд их цөөрсөн, одоо дөнгөж 4700 орчим байгаа гэж байхыг сонслоо. 2007 оны 11 сараас хойш бол лицензийн тоо цөөрөөгүй, харин ч нэмэгдсэнийг тэр үеийн лицензийн тоо мэдээлллийг хадгалсны хувьд бол би мэдэж байгаа. Түүнчлэн саяхан 160-аад лицензийг Ашигт малтмалын газар ураны ордыг хамаарах болсон өөр агентлагт шилжсэнээр тоо бага зэрэг буурсан харагдаж байгаа байх.
За тэр тоо нэмэгдэх буурах нэг асуудал. Харин лицензийг дотоодын наймаачид, мөн гадныхан ихээр эзэмшиж, хоорондоо солилцож, наймаалцаж, дараа нь хэний ч мэдэлд очсон байх магадлалтай, тэрнийг нь Засгийн газар нь хамгийн сүүлд мэддэг байдал жишиг болжээ. БЧП Биллитон, Айвенхоу Майнз хоёр манай Оюу Толгойг хоорондоо 35 сая доллараа наймаалцаж, тэгээд одоо БЧП нь энэ мөнгийг тухайн үед татвар төлөлгүйгээр авснаас гадна Оюу Толгойн бүх бүтээгдэхүүний 2 хувийг авахаар тохирчихоод байгаа билээ. Тэр мөнгөө бас татвар төлөхгүй авна гээд зүтгээд байгаа. Иймэрхүү наймааг Монголд маш олон гадны болон дотоодын компаниуд хийсээр байгаа.
Үүнийг зохицуулах нэг арга бол лицензийн төлбөрийг нэмэх. ДБ-ны нэг мэргэжилтний хэлж байгаагаар Монгол шиг лиценз олноор нь эзэмшээд ямар ч ажил хийхгүй байхад хямдхан төлбөртэй газар энэ дэлхий дээр байхгүй гэнэ. Нээрээ ч гэнэтийн ашгийн татвар гэж байхгүй боллоо, дээр нь ашгийн татварын хэмжээгээ ч Монгол улс нилээдгүй хэмжээгээр бууруулсан, тэгэхээр лицензийн төлбөрийг нь бага зэрэг нэмэхэд их мөнгөнд эргэлддэг уул уурхайн компаниуд нэг их уурлаад байхгүй байлгүй дээ. Харин эерэг тал нь мэдээж лицензийг наймаалах зорилгоор эзэмших сонирхол багасах байх.
Нөгөө талаас уул уурхайн бодлогын асуудлаар туршлагатай бас нэгэн мэргэжилтний өгүүлж буйгаар ТЭЗҮ нь дуусаагүй байхад ашиглалтын лиценз өгдөг улс дэлхийд Монгол л байх шиг байна. Бусад оронд бол ТЭЗҮ дуусаагүй бол хайгуулын лицензийг нь л сунгадаг, гэхдээ жил бүр хайгуулд зарцуулах хамгийн бага зардлыг тогтоогоод өгчихдөг. Ингэснээр компани ажил хийхгүйгээр, арилжаалах зорилгоор хайгуулын лиценз удаан бариад байхгүй, нөгөө талаас ураны ордууд, Оюу Толгой, Таван Толгой зэрэгтэй холбоотойгоор Монголд үүсээд байгаа нөхцөл үүсэхгүй.
Posted by dorj