Аймгуудын ил тод байдлыг үнэлэе

March 25, 2010

Үндсэн ажлынхаа хүрээнд нэгэн төсөл хэрэгжүүлэх болсон юм. Аймгуудыг төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, зарцуулалт, тайлагналынхаа хүрээнд ил тод байдаг эсэхээр нь жагсаах юм. Ямар зорилгоор? Мэдээж төсвийг орон нутагт хянах боломж нь илүү. Иргэддээ илүү ойрхон байх боломжтой. Мөн төсвийг сайн, ил тод зарцуулж чадаж байж л орон нутгийнхан төсвийн илүү эрх мэдлийг шаардах эрхтэй байх. Тиймээс төсвийн төвлөрлийг сааруулахад энэ судалгаа нэмэр болно гэж найдаж байна.

Аргачлалын хувьд гэхдээ олон асуудал байна. Самбар дээр тавьсан мэдээллийг үнэлэх үү? ИТХ-ын тайланг номын сандаа тавьдаг болов уу? гэх мэт олон асуудал гарна. Тодорхой санал байвал хуваалцаарай гэх байна.


Мөнгөө төсөвт өгөх үү? Хандивт уу?

January 27, 2010

Зуданд нирвэгдээд буй малчдад туслах аян улс орон даяар өрнөж байна. Монголчууд хүнд хэцүү цаг үед ядарсан нэгэндээ тусалдаг сайхан уламжлалтай ард түмэн. Харин анхаарал татсан нэг асуудал байх шиг.

ТВ-ээр Эрдэнэт үйлдвэр 800 сая төгрөг малчдад хандивлаж байгаа тухай захирал нь мэдээллэж байгааг харлаа. 150 сая нь ажилчид нь цалингаасаа хандивласан гэнэ. Харин үлдсэн 650 сая нь үйлдвэрээс гарсан бололтой. Энд нэг асуудал үүсч байгаа. Төрийн компани ингэж хандив өгч болох уу? Өгсөн ч хувийнхаа мөнгийг өгч байгаа мэт хэвлэл мэдээллийнхнийг дуудаж сүржигнэх хэрэгтэй юу?

Мэдээж оросуудтай хамтран уг үйлдвэрийг эзэмшдэг учир ногдол ашгаасаа бус, орлогоосоо энэ мөнгийг өгөхөөр болсон бол Монголын талд оросууд 300 гаруй сая төгрөг өгч байгаагаас өөрцгүй. Тийм бол орос ах нартаа талархалаа албан ёсоор илэрхийлэх учиртай. Харин ашгаасаа өгч байгаа бол энэ нь төсөвт орох ёстой мөнгийг малчдад зориулан зарж байгаагаас ялгаагүй. Өөрөөр хэлбэл төсвийн хөрөнгийг Эрдэнэт үйлдвэрийн дарга мэдээд зарж байна гэсэн үг. Уг нь УИХ энэ эрх мэдлийг хэрэгжүүлдэгийг 76 тэрбум төгрөгөөс болж ард түмэн сайн мэддэг болсон.

Малчдад л тусалж байвал хэний мөнгө, яаж өгч байгаа нь хамаагүй гэж хэлэх нэгэн байх л байх. Үр дүнд л хүрж байвал хэрэглэх арга хамаагүй гэдэг сэтгэхүйгээр улс төрчид улс орноо 20 жил залаагүй гэж үү?


Хүний хөгжил сан

December 21, 2009

Монголд олон сан байдаг. Олон сайхан нэртэй. Ихэнхийнх нь үйл ажиллагааны үр дүн тодорхой биш. Харин саяхан нэг том сан байгуулахаар болжээ. Хүний хөгжил сан. Тусгай хуулиар зохицуулагдах цөөхөн сангийн нэг. Сонирхоод хуулийг нь үзлээ. Хуульч биш болохоор ойлгох юм алга. Гэхдээ хуульч биш хүний нүдэнд тусах зарим нэгэн зүйл байнаа.

Үндсэн санаа нь уул уурхайн баялгийг ард түмэндээ тэгш хүргэх. Энэ тухай хоёр нам нэг нь хишиг, нөгөө нь хувь гээд сонгуулийн үеэр амлачихсан. Харин хоёр нам зөвшилцөлд хүрч, хүний хөгжлийн нэртэй байхаар тогтжээ. Харин хуулинд хишиг, хувь гэх үгийг зэрэгцүүлэн хэрэглэжээ. Энэ хууль хүчинтэй байхад энэ хоёр намыг би л лав мартахгүй болжээ. За тэр ч яахав.

Read the rest of this entry »


Хөрөнгө оруулалтыг төр хийж чадах уу?

December 3, 2009

Улсын төсвийн хөрөнгийг хөрөнгө оруулалтад 2008 онд зарцуулсан талаар Үндэсний Аудитын Газраас аудит хийжээ. Уг нь хөрөнгө оруулалт нь эдийн засгийг өсгөх гол хөшүүрэг болох учиртай. Гэхдээ хөрөнгө оруулалт нь эдийн засгийн үр ашигтай бол. Харин үр ашиггүй бол улсын нийт баялгийг бууруулах нь ойлгомжтой.

Аудитын дүнг харахад үнэхээр авах юм алгаа. Төлөвлөлт хуулийн дагуу хийгддэгүй, худалдан авах ажиллагаа шударга болдоггүй, зардал зах зээлийн үнээс ихэнхдээ давдаг, төслийн гүйцэтгэл хангалтгүй, гүйцээсэн төслүүд нь ч чанар муу, тэгээд бас хариуцлага тооцох, хяналт тавих тогтолцоо байхгүй… Ийм ч учраас зарим хүмүүс мөнгийг төр хөгжил болгож чадахгүй юм чинь шууд л иргэддээ бэлнээр өгөөд байсан нь дээр гэх юм. Мөн УИХ-ын гишүүд ч өөрсдөө хөрөнгө оруулалтыг гүйцэтгэх сонирхолтой болж байх юм.


Өмчөөсөө хишиг хүртээд байхдаа ч яахав дээ…

November 18, 2009

Хүний хөгжлийн сангийн тухай хууль батлагджээ. Энэ хуулийн дагуу уул уурхайн зарим орлогоос хишиг, хувь хүртэнэ гэжээ. Байгалийн баялаг ард түмний өмч гэж байгаа. Өөрийнхөө өмчийг ашиглуулсны төлөө төлбөр авч, хамтран ашиглах бизнесийг эрхэлж байгаа бол ногдол ашиг, ашгийн хувь хүртэх нь зөв байх. Харин өмчөөсөө хишиг хүртээд байх нь ч хаашаа юм. Хишиг хүртээгч нь тэгээд компаниуд уу, төр үү? Эсвэл өөрөө өөртөө хишиг хүртээж байгаа явдал уу?


Тэрбум…

November 5, 2009

УИХ-аар төсөв хэлэлцэж эхлэхтэй холбогдуулан гишүүний тойрог бүрт 500 сая төгрөг хөрөнгө оруулах нэрийн дор өгч байсан туршлагыг бүр цаашлуулж, нэг тэрбум болгоод өсгөвөл яах бол гээд нэг бор шувуу нисгээд үзлээ. Мэдээж хүмүүс таатай хүлээж авсангүй. Гэхдээ зэсийн үнэ дахин өсч байгаа энэ үед төсөв цаашид өсөх магадлалтай ба хэдэн жилийн дараа төсөв ашигтай гарах юм бол хүмүүс нэг их анзаарахгүй ч байж мэднэ.

76 хан тэрбум төгрөг ш дээ гэж гишүүд хэлж магадгүй ээ. Харин үүний цаана засаглалын үүрэг, хариуцлагыг тодорхой хуваарилах зарчим алдагдаад байгаа нь харамсалтай. УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүнээр давхар ажиллана. Одоо төсвийг гишүүд батлана, бас өөрсдөө хамт зарцуулна, бас зарцуулалтад нь хяналт тавина. Аль аль нь чанартай болно гэдэгт итгэхэд хүнд.


Урьдчилгаа 250 сая долларыг юунд зарцуулах вэ?

October 19, 2009

Оюутолгойн ордыг ашиглах гэрээг байгуулж, татварын урьдчилгаа болгож 250 сая доллар хүүтэйгээр авах болсон билээ. Энэ мөнгийг хэрхэх тухай Ерөнхий сайд Баяр телевизээр ярьж байв. Тухайлбал, иргэний бүртгэлийн тогтолцоог сайжруулахад зарцуулах юм гэсэн. Энд ч болохгүй юм алга л даа. Харин гүйцэтгэх засаглалын тэргүүн маань төсөвт орж ирэх мөнгийг шууд дур мэдэн юунд зарцуулахыг зарлаж байгаа нь анхаарал татлаа. Уг нь энэ асуудлыг УИХ-д оруулж, тэд эцсийн шийдвэр гаргах ёстой байх. Засаглалын зааг ялгаа байхгүй болсон гэж ярьдаг ортой нь энгийн жишээнээс харагдах юм.


ОТ Монголд юу өгөх бол…

October 9, 2009

ОТ гэрээнд сүр дуулиантайгаар гарын үсэг зурлаа. Одоо харин энэ гэрээ хэрхэн хэрэгжих бол л гэж бодож сууна. Гэрээний дагуу Монголын тал 250 сая ам долларын татварын урьдчилгаа төлбөр авна гэж тохирсоныг Сангийн сайд олон удаа мэдэгдэж байсан. Харин өчигдөр ТВ үзэж байтал МУ-ын ЗГ бонд гаргаад, түүнийг нь Айвенхоу худалдан авах юм байна. Өөрөөр хэлбэл, татварын урьдчилгаа биш, зээл болж таарч байх шиг байна.

Бондын төлбөрийг ирээдүйд төлөх татвартай холбож болох л байх. Гэхдээ нарийн гэрээг нь үзэж байж цааш нь дүгнэлт хийх хэрэгтэй байх.

Харин ОУВС-тай байгуулсан гэрээний дагуу МУ энэ бондыг гаргах эрхгүй гэнэ шүү. Тэгэхээр одоо яах болж байна? 250 сая долларыг урьдчилгаа болгож авч болохгүй гэж үү?

Энэ бол гэрээний хэрэгжих явцад маш олон асуудал урган гарахын тэмдэг. Үнэхээр сайн гэрээ байна уу, эсвэл асуудал болгон дээр дахин хэлэлцээ хийх шаардлага тулах уу, эсвэл дарга нарын үзэмжээр асуудлыг шийдэх нөхцөл үүсэх үү гээд олон асуудлууд байна.


25 тэрбум төгрөг хаачсан нь хэнд ч сонин биш гэж үү?

September 4, 2009

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын олон улсын санаачлагад Монгол Улс 2006 онд албан ёсоор нэгдэн орж, 2006 оны санхүүгийн жилийн байдлаар уул уурхайн компаниудын улсад төлсөн гэх татварын тайланг тэднээс улс нь авсан гэх орлогын дүнтэй харьцуулсан шинжилгээг хийсэн билээ. Хамгийн их татвар улсад төлсөн 25 компанийг авч үзэхэд компанийн төлсөн гэх татварын хэмжээ Засгийн газрын авсан гэх татварын дүнгээс даруй 25 тэрбум төгрөгөөр давсан билээ. Энэ бол хөндлөнгийн аудитын байгууллагаар хянуулсан дүн. Нэг зүйлийг хоёр талаас нь тайлагнаж байхад тоо яагаад зөрөв гэдэг асуудал мэдээж үүснэ. Энэ зөрүү нь тайлангийн нэгтгэл буруу байгаагаас болов уу? Эсвэл компанийн төлсөн мөнгийг манай төрийнхөн төсөвт хийлгүйгээр хувь хувьсгалд зарчихдаг юм уу? Эсвэл компаниуд төрийг гүтгээд, өгөөгүй мөнгөө өгсөн гээд байна уу?

Энэний учрыг олох гээд Ерөнхий сайдаар ахлуулсан үндэсний зөвлөл гэгч хуралдаад асуудлыг Үндэсний Аудитын Газар өгчээ. Харин Энэ газар хагас жил хүлээсний эцэст энэ манайд хамаатай асуудал биш гэжээ. Төрийн мөнгийг манах үүрэгтэй энэ байгууллагад хамаагүй бол хэнд хамаатай болж таарах вэ?

Энэ зөрүүний учир өнөөг хүртэл олдсонгүй, хэн ч хойноос нь хөөцөлдсөнгүй. Хэдэн иргэний нийгмийн байгууллагууд л жаал орилоод сүүлд нь намжсан. Одоо 2007, 2008 оны тайлан нь гараагүй л байна. Дахин зөрүү гаргахгүйгээр тайлангаа бэлтгэж байгаа нь дамжиггүй.

Яах вэ?


Төсвийн хөрөнгөөр баяжсаар л байна

June 21, 2009

Саяхан Үндэсний аудитын газраас төсвийн хөрөнгө хэрхэн зарцуулагдаж байгаа талаар аудит хийжээ. Ганц нэгхээн анхаарал татсан жишээнээс хуваалцая. Цахилгаан шугам нэгэн алслагдсан суурин хүртэл тавих болжээ. Нийтдээ 600 ширхэг шон авах болжээ. Тендер зарлаад, тэр шонг нь аваад зоочихжээ. Төсвөөс авсан хөрөнгө нь нэг шон нь 1.2 сая төгрөг, нийтдээ 720 сая төгрөг болов. Гэтэл аудитынхан очоод шалгатал яг тийм шон зах зээл дээр 500-600 мянган төгрөгийн өртөгтэй байж. Нийтдээ 600 х 600000 төгрөг хэмнэх бололцоо байж. Энэ бол 360,000 сая төгрөг юм.

Үргэлжлэл бий


Follow

Get every new post delivered to your Inbox.