Өмнийн Говийн Хөгжлийн Зөвлөл

June 17, 2010

2010 оны 5 дугаар сарын 21-ний Засгийн газрын 124-р тогтоолоор Өмнийн Говийн Хөгжлийн Зөвлөл байгуулагджээ. Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний дөрөвдүгээр бүлэгт ийм зөвлөлийг Засгийн газар байгуулахаар заасан байдаг. Зөвлөл нь Өмнөговь аймагт чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг удирдах зөвлөлтэй байх бөгөөд түүнд нь иргэний нийгмийн байгууллагууд ч орохоор тогтсон байгаа. Зөвлөлийн үүрэг нь товчхондоо тус аймгийн хөгжлийг төлөвлөх, хөгжилд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Засгийн газарт туслах явдал. Харин зөвлөлд яг ямар байгууллага, хувь хүн орохыг гэрээнд нарийн заагаагүй. Тиймээс чухам ямар хүмүүс түүний дотор ялангуяа иргэний нийгмийн байгууллагууд уг зөвлөлд орж ажиллах болсныг сонирхож үзэв.

Уг зөвлөл нь 41 хүний бүрэлдэхүүнтэй, нэг нарийн бичгийн даргатай. Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын хоёр гишүүн тус зөвлөлийн хоёр дарга нь. 25 нь ямар нэгэн дарга. Дээр нь нэг орлогч, нэг ахлах референт, хоёр ИТХ-ын төлөөлөгч, гурван ерөнхийлөгч, нэг тэргүүн, зургаан захирал. Нарийн бичиг нь “бүрэн эрхт” төлөөлөгч. Өөрөөр хэлбэл хариуцлагатай албан тушаал хашсан дан дарга нар.

Төрийн байгууллагыг төлөөлж 28, түүнээс 16 нь орон нутгийн засаг захиргаанд алба хашигчид. Мөн 7 компанийн захирал, 2 бизнесийн салбарыг төлөөлсөн төрийн бус байгууллага зөвлөлд орсон байна. Харин иргэний нийгмийг төлөөлүүлж таван байгууллагыг сонгон уг зөвлөлд оруулсан бололтой. Тэд хэн бэ?

Шинэ Ханбогд холбоо ТББ-ын тэргүүн Т. Эрдэнэ-Очир, Залуучуудын хөгжлийн төв ТББ-ын Ч. Буянбаатар, Өмнөговь аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Х. Байгалмаа, Өмнөговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д. Мөнх-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Ахмадын хорооны дарга Б. Бат-Өлзий. Бизнесийг төлөөлж буй хоёр ТББ нь Бизнесийн зөвлөлдөх зөвлөлийн тэргүүн А. Идэрцог, Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д. Дамба.  Нэгэнт бизнесийг төлөөлж байгаа учраас иргэний нийгмийн байгууллага гэх оновчгүй байх. Харин Өмнөговьд ажилдаг дээрх таван байгууллага нэрнээс нь харахад үнэхээр иргэний нийгмийн төлөөлөгчид бололтой.

Гэвч тэдний гурав нь даргатай байгууллага байгаа нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл социализмын үед байгуулагдсан, магадгүй төсвөөс санхүүждэг байгууллагуудын төлөөлөгчид. Мөн уул уурхайн салбарын талаар хийсэн ажлын туршлага бараг байхгүй байгууллагууд. Цаана нь хоёр ТББ байна. Энэ хоёр нь үнэхээр иргэний нийгмийн байгууллага байгаа гэж найдах л үлдэж. Тийм байсан ч 42 хүний, олон даргатай зөвлөлд энэ хоёр идэвхтэй ажиллах боломж бага л байх.

Засгийн газарт туслах зорилготой энэ байгууллага ямар ч л байсан Өмнийн говийн хөгжилд чухал үүрэгтэй байх эрмэлзэлтэй байх. Аймгийн ИТХ, засаг захиргааны үүрэг бусад аймгийнхаас буурах юм болов уу. Засаглалын хомсдол нэгэнт үүссэн гэх энэ аймагт уг нь байнгын идэвхтэй үйл ажиллагаатай, нээлттэй, чадавхитай төрийн бус байгууллагуудыг оруулсан бол дэм болохгүй юм гэхэд тээг болохгүй л байсан байх. Мэдээж дарга нарыг шийдвэр гаргахад нь элдэв зүйл анхааруулан эсэргүүцэх магадлалтай, үүнээс зөвлөлийг байгуулсан хүмүүс сэрэмжилсэн л байх. Харин одоо байгаа бүрэлдэхүүнд олон дарга нартай эн зэрэгцэн ажиллах бололцоо хомс л байх даа.


Уул уурхайн лиценз цөөрсөн гэж үү?

February 28, 2010

Саяхан ТВ-ээр нэгэн албан тушаалтан лицензийн тоо сүүлийн жилүүдэд их цөөрсөн, одоо дөнгөж 4700 орчим байгаа гэж байхыг сонслоо. 2007 оны 11 сараас хойш бол лицензийн тоо цөөрөөгүй, харин ч нэмэгдсэнийг тэр үеийн лицензийн тоо мэдээлллийг хадгалсны хувьд бол би мэдэж байгаа. Түүнчлэн саяхан 160-аад лицензийг Ашигт малтмалын газар ураны ордыг хамаарах болсон өөр агентлагт шилжсэнээр тоо бага зэрэг буурсан харагдаж байгаа байх.

За тэр тоо нэмэгдэх буурах нэг асуудал. Харин лицензийг дотоодын наймаачид, мөн гадныхан ихээр эзэмшиж, хоорондоо солилцож, наймаалцаж, дараа нь хэний ч мэдэлд очсон байх магадлалтай, тэрнийг нь Засгийн газар нь хамгийн сүүлд мэддэг байдал жишиг болжээ. БЧП Биллитон, Айвенхоу Майнз хоёр манай Оюу Толгойг хоорондоо 35 сая доллараа наймаалцаж, тэгээд одоо БЧП нь энэ мөнгийг тухайн үед татвар төлөлгүйгээр авснаас гадна Оюу Толгойн бүх бүтээгдэхүүний 2 хувийг авахаар тохирчихоод байгаа билээ. Тэр мөнгөө бас татвар төлөхгүй авна гээд зүтгээд байгаа. Иймэрхүү наймааг Монголд маш олон гадны болон дотоодын компаниуд хийсээр байгаа.

Үүнийг зохицуулах нэг арга бол лицензийн төлбөрийг нэмэх. ДБ-ны нэг мэргэжилтний хэлж байгаагаар Монгол шиг лиценз олноор нь эзэмшээд ямар ч ажил хийхгүй байхад хямдхан төлбөртэй газар энэ дэлхий дээр байхгүй гэнэ. Нээрээ ч гэнэтийн ашгийн татвар гэж байхгүй боллоо, дээр нь ашгийн татварын хэмжээгээ ч Монгол улс нилээдгүй хэмжээгээр бууруулсан, тэгэхээр лицензийн төлбөрийг нь бага зэрэг нэмэхэд их мөнгөнд эргэлддэг уул уурхайн компаниуд нэг их уурлаад байхгүй байлгүй дээ. Харин эерэг тал нь мэдээж лицензийг наймаалах зорилгоор эзэмших сонирхол багасах байх.

Нөгөө талаас уул уурхайн бодлогын асуудлаар туршлагатай бас нэгэн мэргэжилтний өгүүлж буйгаар ТЭЗҮ нь дуусаагүй байхад ашиглалтын лиценз өгдөг улс дэлхийд Монгол л байх шиг байна. Бусад оронд бол ТЭЗҮ дуусаагүй бол хайгуулын лицензийг нь л сунгадаг, гэхдээ жил бүр хайгуулд зарцуулах хамгийн бага зардлыг тогтоогоод өгчихдөг. Ингэснээр компани ажил хийхгүйгээр, арилжаалах зорилгоор хайгуулын лиценз удаан бариад байхгүй, нөгөө талаас ураны ордууд, Оюу Толгой, Таван Толгой зэрэгтэй холбоотойгоор Монголд үүсээд байгаа нөхцөл үүсэхгүй.


Оюутолгойн гэрээг байгуулсны дараа…

January 8, 2010

Оюутолгойн гэрээг сүр дуулиантай байгуулаад 3 сар орчим болж байна. Энэ мөчөөс ямар үйл явдал өрнөж байна вэ?

Гэрээний дагуу татварын урьдчилгаа төлбөр болгож 100 сая долларыг манай талд шилжүүлсэн билээ. Энэ нь 5.5 хувийн хүүтэй зээл авч байгаа хэлбэр болохыг бонд гаргаснаар нотолсон билээ. Хүү нь боломжийн тул болохгүй зүйл байхгүй л байх. Гэхдээ цаашид стратегийн орд газрыг ашиглахад ийм тохиролцсон зээл биш, гарын үсэг зурсны бонус зэргийг ашиглах боломжтой болов уу.

12 сард Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс Айвенхоу-ийн ТЭЗҮ-г буцаачихлаа. Сайжруулж ир гээд. Энэ бол төр өөрийн хамтын ажиллагааны уур амьсгалыг бүрдүүлж байгаа халаалт болов уу.

Read the rest of this entry »


Дэлхийн өсөлт одоо ямар улсыг өсгөж яваа бол…

November 17, 2009

Оюутолгойн гэрээ батлагдахаас өмнө Дэлхийн өсөлт байгууллага маш идэвхтэй ажиллаж байсан санагдана. Сонинд нүүр дүүрэн ярилцлага өгч байсан, бас үе үе мундаг либертари ч гэх үү хард капиталист ч гэх үү эдийн засагчдыг авчирч олон хүнтэй уулзуулж байсан. Харин одоо амралтаа авсан бололтой чимээгүй болж. Шинэ жил гартал амралт дуусахгүй нь ойлгомжтой. Харин дараа нь хэзээ шинэ судалгаагаа танилцуулах бол?


Урьдчилгаа 250 сая долларыг юунд зарцуулах вэ?

October 19, 2009

Оюутолгойн ордыг ашиглах гэрээг байгуулж, татварын урьдчилгаа болгож 250 сая доллар хүүтэйгээр авах болсон билээ. Энэ мөнгийг хэрхэх тухай Ерөнхий сайд Баяр телевизээр ярьж байв. Тухайлбал, иргэний бүртгэлийн тогтолцоог сайжруулахад зарцуулах юм гэсэн. Энд ч болохгүй юм алга л даа. Харин гүйцэтгэх засаглалын тэргүүн маань төсөвт орж ирэх мөнгийг шууд дур мэдэн юунд зарцуулахыг зарлаж байгаа нь анхаарал татлаа. Уг нь энэ асуудлыг УИХ-д оруулж, тэд эцсийн шийдвэр гаргах ёстой байх. Засаглалын зааг ялгаа байхгүй болсон гэж ярьдаг ортой нь энгийн жишээнээс харагдах юм.


ОТ Монголд юу өгөх бол…

October 9, 2009

ОТ гэрээнд сүр дуулиантайгаар гарын үсэг зурлаа. Одоо харин энэ гэрээ хэрхэн хэрэгжих бол л гэж бодож сууна. Гэрээний дагуу Монголын тал 250 сая ам долларын татварын урьдчилгаа төлбөр авна гэж тохирсоныг Сангийн сайд олон удаа мэдэгдэж байсан. Харин өчигдөр ТВ үзэж байтал МУ-ын ЗГ бонд гаргаад, түүнийг нь Айвенхоу худалдан авах юм байна. Өөрөөр хэлбэл, татварын урьдчилгаа биш, зээл болж таарч байх шиг байна.

Бондын төлбөрийг ирээдүйд төлөх татвартай холбож болох л байх. Гэхдээ нарийн гэрээг нь үзэж байж цааш нь дүгнэлт хийх хэрэгтэй байх.

Харин ОУВС-тай байгуулсан гэрээний дагуу МУ энэ бондыг гаргах эрхгүй гэнэ шүү. Тэгэхээр одоо яах болж байна? 250 сая долларыг урьдчилгаа болгож авч болохгүй гэж үү?

Энэ бол гэрээний хэрэгжих явцад маш олон асуудал урган гарахын тэмдэг. Үнэхээр сайн гэрээ байна уу, эсвэл асуудал болгон дээр дахин хэлэлцээ хийх шаардлага тулах уу, эсвэл дарга нарын үзэмжээр асуудлыг шийдэх нөхцөл үүсэх үү гээд олон асуудлууд байна.


Оюутолгойн гэрээ манайд ашигтай болох уу?

August 26, 2009

УИХ 4 хуульд өөрчлөлт оруулж, ОТ-н гэрээг байгуулах бүхий л нөхцлийг Засгийн газарт бүрдүүлж өглөө. Тав зургаан жил олон талаас нь нийтээрээ хэлэлцсэн гэрээ харин Монгол Улсад ашигтай болж чадсан уу? гэдэг асуулт мэдээж тавигдана. Мэдээж энэ асуултын хариуг цаг хугацаа л харуулна. Гэхдээ олон судалгаа тооцоо, үзэл баримтлал, гэрээний явц зэргээс үндэслэн хэдэн зүйлийг тэмдэглэхийг хүслээ.

Юуны өмнө гэрээ хэлэлцээг илүү сайн зохион байгуулалттай, төлөвлөгөөний дагуу хийх чадвараар гадны хөрөнгө оруулагчид илүү байсан гэж бодож байна. 2004 онд гэрээний төслийн анхны хувилбарыг хоёр тал гаргаж ирсэн. Дараа нь 2007 онд, дараа нь 2009 оны эхэнд, дараа нь 2009 оны намар. Энэ дөрвөн хувилбарыг харьцуулж үзвэл 2004 оныхоос бол эцсийн гэрээ харьцангуй илүү болсон. Харин сүүлийн гурван хувилбар эдийн засгийн утгаараа бараг ойролцоо. Өөрөөр хэлбэл маш олон зүйлийг хэлэлцээний үед шинэчлэн ярьж байсан ч хөрөнгө оруулагч өөрийн ашгийг бууруулахгүй байх, өөрийн үүрэх эрсдлийг аль болох Монголын талд шилжүүлж чадсан юм. Анх хэлэлцээг эхлүүлэхэд хөрөнгө оруулагчийн санал болсон хувилбар дээр ярилцаж эхэлсэн нь хэлэлцээг бүхэлд нь ихээхэн түвэгтэй болгосон. Түүнчлэн гэрээ байгуулах сүүлийн үе шатанд компани, Монголын тал хоёрын дундын асуудал биш, Засгийн газар, УИХ-ын хоорондын асуудал мэтээр хэлэлцээг эргүүлж чадсан нь тэдний томоохон амжилт байсан болов уу.

Зэсийн үнэ нэг өдөр их өндөр болоход дараачийн ардын баатар, эх оронч, явцуу сонирхолтой улс төрчид гарч ирж, гэрээг дахин хэлэлцэх асуудал үүсч болох л юм. Харин түүнээс ч дор зүйл бол хөрөнгө оруулагч Монголын хуулиудыг өөрт ашигтайгаар өөрчилж, түүнийхээ үр шимийг хүртэхийг хүсэх эрмэлзэл байх ба тэдэнд энэ санаагаа гүйцэлдүүлэх мөнгө, холбоо сүлбээ байх болно.

(үргэлжлүүлж магадгүй)


Оюутолгойн гэрээ удахгүй батлагдах бололтой

July 5, 2009

Олон жил яригдсан Оюутолгойн гэрээ удахгүй батлагдах бололтой. Ямар ч байсан Засгийн газар, УИХ-ын намын бүлгүүд энэ гэрээг хурдхан батлах нь зөв гэж үзэж байгаа нь ажиглагдаж байна. Харин хэдхэн сарын өмнө олон нийтийн, мөн УИХ-ын гишүүдийн ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан гэрээний төсөлд ямар өөрчлөлтүүд орсон нь тийм ч тодорхой биш байна. Тиймээс анхаарч үзсэн байгаасаа гэсэн зарим асуудлын талаар энд бичив.

Өмнөх гэрээний төслийн нэгэн томоохон асуудал бол урьдчилгаа төлбөр болон Монголын талын ирээдүйд хийх хөрөнгийн эх үүсвэрт тооцох хүүгийн хэмжээ их өндөр байсан явдал. Тухайлбал, 9.9 хувь дээр АНУ-ын хэрэглээний үнийн индэксийг нэмсэн хэмжээнд Айвенхоуд хүү төлөхөөр тохирсон байсан. Энэ нь нэгдүгээрт өндөр хэмжээтэй хүү, хоёрдугаарт хэрэглээний үнийн индекстэй хүүг холбох нь Монголын талын хүлээх эрсдлийг нэмэгдүүлж байгаа. Адаглаад ХҮИ биш ДНБ-ний дефлятор хэмээх үзүүлэлтээр инфляцийг тооцох нь зөв юм.

Өөр нэг асуудал бол ногдол ашгийн суутгал татварыг чөлөөлж, менежментийн төлбөр хэмээх их өндөр хэмжээтэй төлбөрийг төлөхөөр тохирсон явдлыг өөрчлөх шаардлагатай юм. Ийм өндөр хэмжээний менежментийн төлбөрийг дэлхийн аль ч улсад төлдөггүй гэдгээ Рио өөрөө хүртэл хүлээн зөвшөөрч байгаа. Өндөр төлбөрийн жишиг тогтоох нь баялаг ихтэй манай улсад алсдаа ч таатай зүйл яав ч биш. Тэгээд ч бид 34 хувийг эзэмшлээ гээд ямар нэгэн эрх нэмэгдэж байгаа зүйл үнэн хэрэгтээ байхгүй шүү дээ. Учир нь 34 хувиа бид өндөр хүүтэй зээл хэлбэрээр санхүүжүүлж байгаа, мөн удирдлагын шийдвэрт оролцох боломжгүй байгаа. Тиймээс 34 хувь эзэмшсэний төлөө бид ямар нэгэн татварын буулт хийх нь зохисгүй юм.

Ногдол ашгийн суутгал татвар уг нь хуулинд 20 хувьтай, харин Канад Монголын тохиролцоогоор бол 5 хувь. Энэ нь олон асуудлыг үүсгэж байгаа зүйл юм. Тухайлбал, давуу эрхтэй хувьцааг зөвхөн Айвенхоу өөртөө гаргаж, Монголын тал ногдол ашиг авахаас өмнө өөртөө ихээхэн ашиг хүртэх боломжийг олгож байгаа. Ер нь өнөөгийн гэрээний нөхцлөөр ашгаас Монголд орох орлого цаашилсаар л байна. Үндсэндээ Айвенхоу бүх оруулсан хөрөнгөдөө 14 орчим хувийн ашиг хүртсэний дараа л бид тэдэнтэй ашгаас нь хуваалцах тухай асуудал яригдаж байна.

Энэ мэтийн олон асуудал байгаа. Энэ бүгдийг гэрээнд хэрхэн зохицуулахыг хэлж мэдэхгүй байна. Ямартаа ч манайд томоохон гэрээ хийхэд үнэхээр хүндрэлтэй олон хүчин зүйл байгааг энэ хэлэлцээ харуулж байна. Энд шийдвэр гаргах механизм төвөгтэй, чадавхи сул, нээлттэй ил тод биш учир иргэдийн итгэлийг хүлээх чадваргүй байдал зэргийг нэрлэж болох юм.


Follow

Get every new post delivered to your Inbox.