3G Азербайжанд

October 16, 2009

Азербайжанд 10-аад гар утасны оператор компани лав байнаа. Зарим нь CDMA. Зөвхөн утасгүй интернэт үйлчилгээ үзүүлдэг компани ч байдаг юм байна. Харин 3G үйлчилгээ хараахан байдаггүй юм байна. Гайхлаа. Энд газрын тосны мөнгө хаа сайгүй үнэртэж, 1000 долларын цалинтай хүн Баку хотноо арай чүү амьдралаа болгож, хотод нь 3 сая орчим хүн амьдардаг гэж байхад энэ үйлчилгээ яагаад орж ирэхгүй байна вэ?

Шалтгаан нь энгийн. Энд төрийн нэг компани гар утасны үйлчилгээ эрхэлдэг. Энэ компани тэр үйлчилгээг эхэлж оруулж ирээгүй байхад бусад нь энэ тухай бодоод ч хэрэггүй…


Хазаад хазаад…

October 16, 2009

Нэг онигоо Азербайжанд сонслоо. Америк хүнд нэг алим өгөхлээр зараад мөнгөө арвижуулдаг гэнэ. Хоёрыг өгөхлээр мөн адил. Бүтэн сагс алим өгөхлээр мөн л адил гэнэ. Франц эрд нэг алим өгөхлээр хайртай эмэгтэйдээ бэлэглэдэг гэнэ. Хоёрыг өгвөл мөн л адил. Бүр бүтэн сагс алим ч өгсөн шууд бэлэглэчихдэг гэнэ. Харин Азер эр нэг алим өгвөл шууд өөрөө иддэг гэнэ. Хоёрыг өгвөл бас л өөрөө иднэ. Харин бүтэн сагс алим өгвөл эхнээс нь нэг хазаад л тавиад байдаг гэнэ шүү.

Монголчууд яах бол? Аливаа олзын үр шимийг хэн хүртэх, хэрхэн хүртэх хоёр үнэхээр чухал гэдгийг бид ч мэднэ л дээ.


Либери шинэ зам сонгожээ

October 15, 2009

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын олон улсын зөвлөлийн хуралд суулаа. Азербайжаны Баку хотноо энэ хурал болж, Либери улсыг уг санаачлагыг хэрэгжүүлэгч, “даган мөрдөгч” улс болохыг зарлалаа. Монгол улс энэ санаачлагыг хэрэгжүүлж байгаа ба даган мөрдөгч болох эсэх нь ирэх 2-р сард шийдэгдэх болов уу.

Либерийн эмэгтэй ерөнхийлөгч улсаа ил тод болгохыг ихээхэн анхаарч байна. Мөн хятадуудтай хамтарч ажиллах болсоноо ч мэдэгдэж байгаа. Энэ санаачлагыг хэрэгжүүлснээр олон улсын нэр хүнд өсч, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж тооцсон байх.

Санаачлагын тайланд зөрүү гарсанаар нэг том асуудал үүсчээ. Компани төлчихсөн татвар гэдгээс 125 мянган долларыг Засгийн газар аваагүй гээд байж. Учрыг нь олтол компанийн нябо нь мөнгийг өөртөө шилжүүлээд, харин бүртгэхдээ татвар гээд бүртгэчихэж. Ийм тохиолдол манайд гарахыг үгүйсгэхгүй. Бас Засгийн төлөөлөгч мөнгийг авчихаад аваагүй гээд гүрийгээд байх ч боломжтой…


Байгалийн баялгийн мөнгөө гэж…

October 12, 2009

Манай дарга нар Австрали Чили гэж байхаар энэ Азербайжан улсыг сайн судлахад илүүдэхгүй байхаа. Баку хотноо 5 жилийн дараа ирлээ.Онгоцноос буухад байгаагүй сайхан өргөн зам хот руугаа тавьжээ. Бүр давхар зам ч барьсан байна. Бас өндөр байшингууд… Буусан буудал маань ойрд л үзээгүй сайхан буудал. Гараад хоол идлээ. Хүмүүстэй жаал ярилцлаа. Үнэхээр газрын тосны мөнгөөр их бүтээн байгуулалт өрнөж байгаа юм байна. Гэвч хүмүүсийн амьдрал тэр бүр сайжрахгүй л байна гэнэ. Лондонгоос үнэтэй хот болж байгаа тухай ярьж байна. Азер манат л гэхэд 80 мөнгө нь 1 доллартай тэнцдэг болж. Хэдхэн км зайтай байрлах нисэх буудлаас хотын төвд ирэхэд 40 гаруй доллар. Ресторанд нь хоол идэхэд 30 доллар.

Оросод байгалийн хий гаргах гэрээ хийж гэнэ. Маргааш нь дотоод хэрэглээний үнийг 5 дахин нэмжээ. Орон сууцны үнэ, манайхаар бол СӨХ-ийн үнэ бүгд сүүлийн жилүүдэд огцом өсчээ. Энэ бол их мөнгө орж ирэхэд болдог л зүйл.

Оюутолгойн, бас дараа нь Тавантолгойн, мөн ураны ордоос мөнгө ороод ирвэл яах вэ? Нэг хуушуурыг, нэг талхыг гурван доллараар авах, Буянт Ухаагаас хотын төв ороход 30 доллар төлөхөд төрийн албан хаагч, мөн уул уурхайн компанийн ажилтнаас бусад нь төлж дийлэх болов уу?


Бирмийн зовлон

September 21, 2009

Энэтхэг Хятад хоёртой хил залгаа гэдгээс өөр бид энэ улсын талаар олон зүйлийг мэдэхгүй биз. Бидний түнш Айвенхоу тэнд уурхайтай, цэргийн дэглэмтэй энэ улсын генералуудтай нийлж хүний эрх зөрчдөг байсан гэх мэдээллийг хүн бүр л сонсч байсан байх. Лам нар бослого гаргаад түүнийг нь хүчээр нухчин дарсаныг ч бид санаж байгаа байх. Энэ бүхний цаана Хятадын геополитикийн бодлого чухал байр суурьтайг харин тэр бүр мэдэхгүй байх.

Хятад улс эрчим хүчний цангаагаа Араб, Африкаас авах газрын тосоор тайлахаар их хүчин чармайлт гаргаж байгаа билээ. Харин энэ хол газраас газрын тосыг усаар тээвэрлэх нь өртөг ихтэй байгаа. Харин Бирмээр дамжуулан хоолой татвал хол замаар тээвэр хийх шаардлагагүй болно. Тиймээс ч Бирмийн хэдэн генералтай тохиролцоо хийж хоолой барьж эхэлсэн билээ. Энэ нь харин нутгийн иргэдийн эрх ашгийг хөндөж, зөрчил тэмцэл болж хувирсан. Хариуд нь генералууд хоолой тавьсан газраар олон тооны цэрэг байршуулж, хамгаалуулсан.

Энэ хоолойг тавьсанаар Бирмийн ард түмэн юу хүртэх нь тодорхой биш. Бас байгальд хэрхэн нөлөөлөх талаар удаа дараа иргэд асуулга тавьж, тэмцэж ирсэн билээ. Гэсэн хэдий ч энэ төслийг зогсоох сонихол эрх баригчдад нь байхгүй. Учир нь цаана нь Хятадын геополитикийн сонирхол байгаа, наана нь эрх баригчдын явцуу сонирхол байгаа.

Монголын уул уурхайн хөгжил ийм дүр зургаар яваагүй гэж хэлж чадах уу?


Follow

Get every new post delivered to your Inbox.