Баялагтай улс хөгжөөгүй түүх дэлхийд олон. Үүнийг ч хяслан, хараал гээд томъёолчихсон. Ядуурал, авилгал, зөрчил маргалдаан зонхилсон улс болон хувирдаг. Ийм үр дүнд хүрэх нэг шалтгаан нь гадны нөлөө байдаг. Баялгаа гол төлөв гадаадад зарахад хүрдэг. Баялгаа ихэвчлэн гадныхантай хамтарч газар доороос гаргаж ирдэг. Тиймээс ч гадныхны сонирхол их байдаг.
Манайд Оюу Толгой, Таван Толгой хэмээх ордуудыг ашиглах гэрээг гадныхантай удахгүй байгуулах бололтой. Энэ удаад гэрээнд юу байх, юу эс байх ёстой талаар орхиё. Харин гэрээ байгуулагдахтай холбоотойгоор өрнөж буй тэмцэл ихээхэн сонирхол татах юм.
Сүүлийн үед “Дэлхийн өсөлт” хэмээх мундаг байгууллага сонингийн бүтэн нүүр дүүрэн гэрээг яаж хийх ёстойг заах болжээ. Алан Оксли гэдэг гадны мундаг дипломат эр Гомбосүрэн хэмээх монголын мундаг дипломат хоёр дуу хоолойгоо нийлүүлэн, төрийн оролцоо байх шаардлагагүй хэмээн хэсэг мэдэгдээд, дараа нь татвар чинь ч ер нь болохгүй байна, татвараа багасга, байхгүй болго гэх боллоо. Энэ байгууллага Монголд нэг жил орчим үйл ажиллагаагаа явуулж байгаа байх. Анхны томоохон танилцуулга хуралдаан дээр нь очиход санхүүжүүлэгчийнхээ нэрийг зарлахаас татгалзаж байсан. Ийм байгууллагад итгэх боломжтой юу? гэдэг асуулт зайлшгүй тавигдана. Уг нь аль ч төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай дурын иргэн очиж танилцаж, хэн санхүүжүүлдэгийг нь хүртэл мэдэх хуулийн заалттай гэж би ойлгож байсан нь эндүүрэл байж. За тэр яахав, тэдний хэлж байгаа зүйлийг анхааралтай сонсож, үнэн зорилгыг нь ойлгох ухаан манай ард иргэдэд бий биз дээ.
Харин зарим хүний нотолж байгаа шиг Айвенхоу компаниас санхүүждэг бол энэ байгууллагын ажлыг том лобби-ний нэг хэсэг гэж ойлгохоос өөр аргаггүй биз дээ. Ер нь Айвенхоу бол гэрээ байгуулах бүхий л хууль ёсны аргыг ашиглах нь зөв л байх. Тухайлбал, сэтгүүлчдэд зориулсан сургалт хийгээд, тэднийгээ АНУ-д танилцах аялалд авч явсны дараа сонин, телевиз бүхнээр уурхай хэрэгтэйг нотолсон, Рио Тинтог магтсан нэгэн хэвийн нэвтрүүлэг, нийтлэл бүтэн долоо хоног цацагдах юм. Бас Өмнөговь аймагт ч тэднийг эсэргүйцэх дуу хоолой үлдээгүй байх.
Тэгвэл гэрээ хийх гэж байгаа нөгөө тал ямар байдалтай байна? “Хөдөлдөг” иргэд нь тас гүрийгээд, гэрээ хийлгэхгүй гээд, харин төр засаг нь тэднээс эмээсэн дүр зураг нь гэрээ хийхийн өмнөх тактик уу? Эсвэл Монголчууд нэгэн байр суурьтай болоогүй, болох ч үгүйн дохио юу? Ер нь энэ хөдөлгөөнүүд чинь төр засгийн өмнөөс байгуулагдсан лоббичид биш байгаа?
Өөр нэгэн том лоббичин бол Уул уурхайн ассоциаци. Энэ байгууллага мэдээж уул уурхайг хүчтэй дэмжих нь ойлгомжтой. Гэхдээ яг гэрээ байгуулагдахад төр засгаа дэмжих ёстой юу? Эсвэл гишүүн байгууллагаа л уу?
Ямар ч л байсан талууд бие биенээ дайрах, би чи дээ хүрэх байдал ажиглагдаж байна. Гэрээ байгуулагдахаас өмнө ийм байхад батлагдах үед, түүний дараа юу болох бол?