Цааш дампуурах боломж байна уу?

June 11, 2010

Эдийн засаг сүйрлээ гэж нэг УИХ-ын гишүүн ярьжээ. Төр болохоо байлаа гэж маш олон хүн ярьж байна. Үнэхээр орчноо хараад байвал цааш дампуурах боломжгүй болж байх шиг байна.

УИХ-ын чуулган дээр төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байна. Сангийн сайд нь 2.5 тэрбум төгрөгийг аргагүй байдалд ороод өөрөө дур мэдээд зарцуулчихсан гэж байх юм. Тэр сайд ажлаа хийсээр. Төсвийг хэтрүүлэн зарсан гэх юм. Уг нь төсөв гэдэг хууль. Хууль зөрчсөнөө огт тоохгүй ярьж байгаа олон хүн байх юм. Өөр нэг газар хэмнэлт гаргасан юм чинь яадаг юм гэх юм. Хэмнэлт гаргах нь уг нь бас хийх ёстой ажил хийгдээгүйг л илтгэмээр юм.

Төв банк бодлогын хүүгээ нэмлээ гээд УИХ Засгийн газартайгаа нийлж байгаад авч өгч байнаа. Бодит эдийн засагт мөнгө хүрэлцэхгүй байхад хүүгээ бууруулах ёстой юм гэнэ. Өөрсдөө нийлж байгаад эх орны хишиг гэж  нийлүүлэлттэй огт уялдаагүй баахан бэлэн мөнгө тараачихсан, удахгүй цалин нэмнэ гээд амалчихсан, хүүхдийн мөнгийг хоёр дахин нэмэгдүүлж дахин өгөх тухай ярьж байгаа улсууд үнийн өсөлтийг хязгаарлахгүй бол болохгүй шүү дээ гэх банкны ерөнхийлөгчийг зүхэх юм. Банкны хадгаламжид хавтгай баталгаа гаргасан, Хадгаламж, Анод, Зоос банкны алдагдлыг татвар төлөгчийн мөнгөөр төлсөн, төв банкыг нь гадаад дотоодод төрийн гэх банктай андуурахад хүртэл сэтгэж чаддаг УИХ, Засгийн газар хоёр шүү. Төрийн банк дээрээ нэмээд хөгжлийн банк байгуулах гэж байгааг бас дурьдах хэрэгтэй байх. Төсвийн хариуцлагыг дээшлүүлж хууль батлах юм гэнэ. Хөгжлийн гэх банк байгуулчихаад төсвөөс гадуур маш их санхүүгийн эх үүсвэртэй болох тул тэр хууль батлагдсан батлагдаагүй тэдний эрх мэдэл сулрахгүй нь.

Тавантолгойн лицензийг 8 жил хадгалж ард түмэндээ өгсөнд Ерөнхий сайдад баярлалаа гэмээр байна гэж УИХ-ын хэд хэдэн гишүүн долигонож байх юм. Баярлалаа л гээч дээ, гэмээр байна ч байхдаа яахав дээ. Олон компани өндөр үнээр авая гэхэд нь ард түмнээ бодоод харамласан юм гэнэ. Юмыг яаж мэдэхэв, Ерөнхий сайд ч болчих юм билүү гэж л тэр лицензээ буцааж өгөө биз дээ. Буцааж өгөөгүй бол ард түмэн босоход бэлэн байсан гэхэд хэтрүүлээгүй л болов уу.

Үнэ буулгадаг мундаг туршлага Монголд байна. Хувьчлалыг практикт байтугай ямар нэгэн онолд ч байхгүй хувилбараар Монголд л хийж чадна. Төрийн өмчийг хувийн мэт ашигладаг, ард түмний нэрийг барьж өөрөөсөө бусдаас харамлан ашигладаг нь Монгол. Сум бүртээ хүнсний үйлдвэртэй, тэр үйлдвэр бүр нь нэг л төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, үйлдвэрлэл агуу хөгжсөн нь манайх. Хэдэн арван мянгаараа гадаадад боолын хөдөлмөр эрхлэхээр дугаарлаж байхад хэдэн зуун мянгаараа юу ч хийхээс буцахгүй болтлоо боловсорсон хятадууд энд харин ажлаад байна. 10, 20 тэрбумаар нь банкнаасаа гэгээн цагаан өдөр алдчихаад яадаг ч үгүй. Хариуцлага алдвал, хулгай хийвэл улам л дэвшинэ.

Олон юм яриад байвал бүх юмыг хуулийн дагуу болгочихно. Хуулиа өөрсдөө санаачлаад батлуулчихна. Өөртөө зориулсан хуулийг шүү. Бүр болохгүй бол олон улсын гэрээ байгуулчихна. Бүх юм хуулийн дагуу.

Цааш бид уруудах арга байна уу? Орон зай байна уу?


Монголыг аврах нь хэн байх вэ?

May 7, 2010

Грек улс дампуураад, еврод шилжсэн байсан тул европын холбоо аргагүйн эрхэнд ОУВС-тай нийлж тус улсыг аврахаар шийджээ. 100 гаруй тэрбум еврогоор. Үрэлгэн улсад төсвийн зардлыг бууруулахад ямар хэцүү болохыг энэ үеэр болсон жагсаал, тэмцэл, хүний амь хохирсон явдал харууллаа. Улс орон дампуурах нь нэг их ховор биш, байдаг л үзэгдэл. Хүмүүс Грек Аргентин хоёрыг л илүү сайн санах байх. Гэхдээ үнэндээ энэ хоёр улсад сан нь дампуурсан болохоос төрийн тогтолцоо нь бүр ч дампуурчихаагүй. Төр нь дампуурсан улс харин хавьгүй олон бий. Бүтээгүй улс,  Failed States гэж англиар нэрлэх нь бий.

Монгол улс дампуурвал харин биднийг хэн аврах вэ? ОУВС уу? Эсвэл бүтээгүй улсын жагсаалтыг нэгээр нэмэх үү? Эсвэл валют ихтэй урд хөрш үү? Ийм зүйл бодож суух хүртлээ арай ч Монгол маань доройтоогүй л гэж найдахаас. Гэхдээ Сангийн сайд төсвийн тодотгол оруулж ирэхдээ “алдагдал 6.4 хувь, гэхдээ 5 хувиар ОУВС-тай тохирсон хэмжээнд байгаа гэж ойлгож болно, учир нь банкны бүтцийн өөрчлөлтийн 100 тэрбумыг энэ тооцонд оруулахгүй” гэж байх юм. 6.4 гэдэг (ДНБ-ний хувь – сангийн сайд ингэж хэлэхгүй байсан, бүх хүмүүс ойлгодог гэж төсөөлсөн байх) дэндүү их тоо. Валютын сантай юу ч гэж тохиролцсон алдагдал бол ирээдүйн өр. Мөн популист бодлого саарч байгаа биш, ид хүчээ авч байгааг эрхэм сайд хамгийн сайн мэдэж байгаа. Тохирсон тохироогүй төсвийн алдагдлыг 5 хувьд барина гэж албан тушаалаараа дэнчин тавьж үзэлцэх ёстой хүн нь сангийн сайд. Тэгэж чадахгүй л дээ…


Аймгуудын ил тод байдлыг үнэлэе

March 25, 2010

Үндсэн ажлынхаа хүрээнд нэгэн төсөл хэрэгжүүлэх болсон юм. Аймгуудыг төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, зарцуулалт, тайлагналынхаа хүрээнд ил тод байдаг эсэхээр нь жагсаах юм. Ямар зорилгоор? Мэдээж төсвийг орон нутагт хянах боломж нь илүү. Иргэддээ илүү ойрхон байх боломжтой. Мөн төсвийг сайн, ил тод зарцуулж чадаж байж л орон нутгийнхан төсвийн илүү эрх мэдлийг шаардах эрхтэй байх. Тиймээс төсвийн төвлөрлийг сааруулахад энэ судалгаа нэмэр болно гэж найдаж байна.

Аргачлалын хувьд гэхдээ олон асуудал байна. Самбар дээр тавьсан мэдээллийг үнэлэх үү? ИТХ-ын тайланг номын сандаа тавьдаг болов уу? гэх мэт олон асуудал гарна. Тодорхой санал байвал хуваалцаарай гэх байна.


Хувьцаа гаргаснаар ард иргэдийн хувь буурах биш үү?

February 2, 2010

Төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл хэмээх баримт бичгийг Засгийн газар УИХ-д оруулсан байгаа. Энд яригдаж байгаа нэг гол асуудал бол төрийн өмчийн томоохон уул уурхайн компаниудыг нэгтгэж холдинг компани байгуулаад, түүнийхээ тодорхой хувийг хувьцаа гаргах замаар арилжиж, мөнгө босгох явдал юм. Болохгүй зүйл биш. Энэ нь үнэндээ тухайн компаниудаас ирээдүйд ногдол ашиг хэлбэрээр олох ашгаа өнөөдөр тодорхой хэмжээний мөнгөөр солих явдал юм. Хангалттай үнэ хүргэж энэ солилцоог хийж чадах уу? Ирээдүйн орлогоо өнөөдөр их хэмжээгээр авчихлаар түүнийгээ зөв ашиглаж, ирээдүйд ногдол ашиг хэлбэрээр олох байснаасаа илүү өгөөжтэй хөрөнгө оруулалт болгож чадах уу гэдэг хоёр асуудал мэдээж тавигдана.

Харин энд би өөр нэг асуудал байгааг онцлох гэсэн юм. Саяхан хүний хөгжил сангийн тухай хууль батлагдсан. Энэ хуулийн дагуу төрийн өмчит компаниудын төрийн эзэмшлийг барьж байх холдинг компанийн хувьцааг Монголын ард түмэн эзэмшинэ гээд заачихсан байгаа. Өөрөөр хэлбэл, ард түмний эзэмшлийн компанийн тодорхой хэсгийг зарах асуудал яригдаж байна. Тэгэхлээр мэдээж ирээдүйд ард түмэнд очих ногдол ашиг нь буурах нь гарцаагүй. Эзнээс нь асуухгүй хөрөнгийг нь зарчих гээд байгаа дүр харагдаж байгаа биз?


Мөнгөө төсөвт өгөх үү? Хандивт уу?

January 27, 2010

Зуданд нирвэгдээд буй малчдад туслах аян улс орон даяар өрнөж байна. Монголчууд хүнд хэцүү цаг үед ядарсан нэгэндээ тусалдаг сайхан уламжлалтай ард түмэн. Харин анхаарал татсан нэг асуудал байх шиг.

ТВ-ээр Эрдэнэт үйлдвэр 800 сая төгрөг малчдад хандивлаж байгаа тухай захирал нь мэдээллэж байгааг харлаа. 150 сая нь ажилчид нь цалингаасаа хандивласан гэнэ. Харин үлдсэн 650 сая нь үйлдвэрээс гарсан бололтой. Энд нэг асуудал үүсч байгаа. Төрийн компани ингэж хандив өгч болох уу? Өгсөн ч хувийнхаа мөнгийг өгч байгаа мэт хэвлэл мэдээллийнхнийг дуудаж сүржигнэх хэрэгтэй юу?

Мэдээж оросуудтай хамтран уг үйлдвэрийг эзэмшдэг учир ногдол ашгаасаа бус, орлогоосоо энэ мөнгийг өгөхөөр болсон бол Монголын талд оросууд 300 гаруй сая төгрөг өгч байгаагаас өөрцгүй. Тийм бол орос ах нартаа талархалаа албан ёсоор илэрхийлэх учиртай. Харин ашгаасаа өгч байгаа бол энэ нь төсөвт орох ёстой мөнгийг малчдад зориулан зарж байгаагаас ялгаагүй. Өөрөөр хэлбэл төсвийн хөрөнгийг Эрдэнэт үйлдвэрийн дарга мэдээд зарж байна гэсэн үг. Уг нь УИХ энэ эрх мэдлийг хэрэгжүүлдэгийг 76 тэрбум төгрөгөөс болж ард түмэн сайн мэддэг болсон.

Малчдад л тусалж байвал хэний мөнгө, яаж өгч байгаа нь хамаагүй гэж хэлэх нэгэн байх л байх. Үр дүнд л хүрж байвал хэрэглэх арга хамаагүй гэдэг сэтгэхүйгээр улс төрчид улс орноо 20 жил залаагүй гэж үү?


Оюутолгойн гэрээг байгуулсны дараа…

January 8, 2010

Оюутолгойн гэрээг сүр дуулиантай байгуулаад 3 сар орчим болж байна. Энэ мөчөөс ямар үйл явдал өрнөж байна вэ?

Гэрээний дагуу татварын урьдчилгаа төлбөр болгож 100 сая долларыг манай талд шилжүүлсэн билээ. Энэ нь 5.5 хувийн хүүтэй зээл авч байгаа хэлбэр болохыг бонд гаргаснаар нотолсон билээ. Хүү нь боломжийн тул болохгүй зүйл байхгүй л байх. Гэхдээ цаашид стратегийн орд газрыг ашиглахад ийм тохиролцсон зээл биш, гарын үсэг зурсны бонус зэргийг ашиглах боломжтой болов уу.

12 сард Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс Айвенхоу-ийн ТЭЗҮ-г буцаачихлаа. Сайжруулж ир гээд. Энэ бол төр өөрийн хамтын ажиллагааны уур амьсгалыг бүрдүүлж байгаа халаалт болов уу.

Read the rest of this entry »


Хүний хөгжил сан

December 21, 2009

Монголд олон сан байдаг. Олон сайхан нэртэй. Ихэнхийнх нь үйл ажиллагааны үр дүн тодорхой биш. Харин саяхан нэг том сан байгуулахаар болжээ. Хүний хөгжил сан. Тусгай хуулиар зохицуулагдах цөөхөн сангийн нэг. Сонирхоод хуулийг нь үзлээ. Хуульч биш болохоор ойлгох юм алга. Гэхдээ хуульч биш хүний нүдэнд тусах зарим нэгэн зүйл байнаа.

Үндсэн санаа нь уул уурхайн баялгийг ард түмэндээ тэгш хүргэх. Энэ тухай хоёр нам нэг нь хишиг, нөгөө нь хувь гээд сонгуулийн үеэр амлачихсан. Харин хоёр нам зөвшилцөлд хүрч, хүний хөгжлийн нэртэй байхаар тогтжээ. Харин хуулинд хишиг, хувь гэх үгийг зэрэгцүүлэн хэрэглэжээ. Энэ хууль хүчинтэй байхад энэ хоёр намыг би л лав мартахгүй болжээ. За тэр ч яахав.

Read the rest of this entry »


Хөрөнгө оруулалтыг төр хийж чадах уу?

December 3, 2009

Улсын төсвийн хөрөнгийг хөрөнгө оруулалтад 2008 онд зарцуулсан талаар Үндэсний Аудитын Газраас аудит хийжээ. Уг нь хөрөнгө оруулалт нь эдийн засгийг өсгөх гол хөшүүрэг болох учиртай. Гэхдээ хөрөнгө оруулалт нь эдийн засгийн үр ашигтай бол. Харин үр ашиггүй бол улсын нийт баялгийг бууруулах нь ойлгомжтой.

Аудитын дүнг харахад үнэхээр авах юм алгаа. Төлөвлөлт хуулийн дагуу хийгддэгүй, худалдан авах ажиллагаа шударга болдоггүй, зардал зах зээлийн үнээс ихэнхдээ давдаг, төслийн гүйцэтгэл хангалтгүй, гүйцээсэн төслүүд нь ч чанар муу, тэгээд бас хариуцлага тооцох, хяналт тавих тогтолцоо байхгүй… Ийм ч учраас зарим хүмүүс мөнгийг төр хөгжил болгож чадахгүй юм чинь шууд л иргэддээ бэлнээр өгөөд байсан нь дээр гэх юм. Мөн УИХ-ын гишүүд ч өөрсдөө хөрөнгө оруулалтыг гүйцэтгэх сонирхолтой болж байх юм.


Өмчөөсөө хишиг хүртээд байхдаа ч яахав дээ…

November 18, 2009

Хүний хөгжлийн сангийн тухай хууль батлагджээ. Энэ хуулийн дагуу уул уурхайн зарим орлогоос хишиг, хувь хүртэнэ гэжээ. Байгалийн баялаг ард түмний өмч гэж байгаа. Өөрийнхөө өмчийг ашиглуулсны төлөө төлбөр авч, хамтран ашиглах бизнесийг эрхэлж байгаа бол ногдол ашиг, ашгийн хувь хүртэх нь зөв байх. Харин өмчөөсөө хишиг хүртээд байх нь ч хаашаа юм. Хишиг хүртээгч нь тэгээд компаниуд уу, төр үү? Эсвэл өөрөө өөртөө хишиг хүртээж байгаа явдал уу?


Тэрбум…

November 5, 2009

УИХ-аар төсөв хэлэлцэж эхлэхтэй холбогдуулан гишүүний тойрог бүрт 500 сая төгрөг хөрөнгө оруулах нэрийн дор өгч байсан туршлагыг бүр цаашлуулж, нэг тэрбум болгоод өсгөвөл яах бол гээд нэг бор шувуу нисгээд үзлээ. Мэдээж хүмүүс таатай хүлээж авсангүй. Гэхдээ зэсийн үнэ дахин өсч байгаа энэ үед төсөв цаашид өсөх магадлалтай ба хэдэн жилийн дараа төсөв ашигтай гарах юм бол хүмүүс нэг их анзаарахгүй ч байж мэднэ.

76 хан тэрбум төгрөг ш дээ гэж гишүүд хэлж магадгүй ээ. Харин үүний цаана засаглалын үүрэг, хариуцлагыг тодорхой хуваарилах зарчим алдагдаад байгаа нь харамсалтай. УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүнээр давхар ажиллана. Одоо төсвийг гишүүд батлана, бас өөрсдөө хамт зарцуулна, бас зарцуулалтад нь хяналт тавина. Аль аль нь чанартай болно гэдэгт итгэхэд хүнд.


Follow

Get every new post delivered to your Inbox.