ТӨР ТАВАНТОЛГОЙГООС ХУВЬ ЭЗЭМШСЭНЭЭР ИРГЭДИЙН НУРУУНД АЧАА Л ҮҮРҮҮЛНЭ

Нийгмийн толь сонинд өгсөн ярилцлагыг блогтоо орууллаа.

ТӨР ТАВАНТОЛГОЙГООС ХУВЬ ЭЗЭМШСЭНЭЭР ИРГЭДИЙН НУРУУНД АЧАА Л ҮҮРҮҮЛНЭ

Эдийн засагч, судлаач Н.Дорждарьтай Тавантолгойн орд болон уул уурхайн салбарын санхүү, татвар, гэрээний ил тод байдлын талаар ярилцлаа.

ТӨР УУЛ УУРХАЙГААР БИЗНЕС ЭРХЛЭЭД ХЭРЭГГҮЙ

-Та өмнө нь Тавантолгой ордыг ашиглахтай холбоотой зарим зүйл дээр шүүмжлэлтэй хандаж байсан. Тэгвэл төрөөс Тавантолгой ордыг ашиглах ерөнхий чиглэлийг баталлаа. Үүнд таны санал болгож байсан зүйлүүд тусгалаа хэр олсон байна вэ?

-Тавантолгойтой холбогдуулж хоёр зүйлийг хэлмээр байна. Уг ордоос ард түмэн, аж ахуйн нэгжүүдэд тус бүр 10 хувийг эзэмшүүлэх тухай ярьж байна. Хувьцааг ингэж хувааж байгаа нь болохгүй зүйл биш л дээ. Гэхдээ эдийн засгийн өсөлтөөр ядуурлыг бууруулна гэсэн бодлого нь өрөөсгөл юм. Би үүгээр юу хэлэх гэсэн юм гэвэл, жишээ нь 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх нь ядуурлыг бууруулах бодлого биш. Энэ бол бизнес эрхэлж байгаа хүмүүсийг урамшуулсан л бодлого юм. Нөгөөтэйгүүр, энэ компаниуд яагаад дээрх 10 хувийг авах эрхтэй юм гэсэн асуулт гарч байна. Нэг мөсөн 20 хувийг ард түмний мэдэлд шилжүүлчихэж болохгүй юм уу. Яагаад гэвэл үндэсний компаниуд эдийн засгаа авч явж байгаа ч бүх ард түмний өмч болох газрын баялгийг давуу эрхтэйгээр авах нь шударга бус юм. Хэрэв ард иргэд олноороо үндэсний компаниудад хувьцаа эзэмшдэг, түүндээ ногдол ашиг авдаг бол харин арай өөр асуудал болно.

Дээрээс нь Тавантолгойн хувьцааны 50 хувийг төр эзэмшиж үлдэнэ гэдэг нь үндсэндээ компани төрийн мэдэлд байх нь л дээ. 1990-ээд оноос хойш аль болох төрийн өмчийг хувьчлах бодлого явагдсан. Сүүлийн үед ажиглаад байхад уул уурхайн салбарт төрийн өмчит аж ахуйн үйл ажиллагаа голлох ханддага илэрч байна. Үүнтэй холбоотойгоор компанийн сайн засаглалын асуудал хурцаар тавигдаж байгаа юм. Хүн бүхэн л ярьдаг. Төрийн аж ахуйн нэгжид шахааны бизнес цэцэглэсэн, үйл ажиллагаа нь ил тод бус, ашиг орлого муутай гэлцдэг. Цаашид төрийн аж ахуйн нэгжид дээрх хандлага хэвээр үргэлжлэхийг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл төрийн компани хувьцаа эзэмшигчдийн байнгын хараа хяналтад тэр бүр байдаггүй, татвар төлөгчид байнга энэ компани юу болж байна гэж ажиглах боломж хомс. Тэгээд ч төрийн хяналт шалгалтын байгууллага ихээхэн ачаалалтай ажилладаг. Энэ утгаараа төр хувьцааны 50 хувийг эзэмших нь татвар төлөгчдийн нуруун дээр ачаа үүрүүлж мэдэхээр байгаа. Аж ахуйн үйл ажиллагаа гэдэг эрсдэлтэй. Эрсдэл байна гэдэг нь төр хувьцааны тодорхой хувийг эзэмшиж буй тохиолдолд их, бага хэмжээгээр алдагдал хүлээх бололцоотой гэсэн үг. Алдагдлыг татвар төлөгчид л үүрнэ шүү дээ.

-Тэгэхээр төр Тавантолгойгоос хувь эзэмшээд хэрэггүй гэсэн үг үү?

-Болж өгвөл төр оролцох хэрэггүй. Ингэж хэлж байгаа нь засаглалтай холбоотой. Дээрээс нь уул уурхай байгаль орчинд бага нөлөө үзүүлнэ үү гэхээс биш огт нөлөөлөхгүй гэсэн ойлголт байхгүй. Мөн уул уурхай тухайн орон нутгийн малчдын уламжлалт амьжиргааг өөрчлөхөд нөлөөлнө. Энэ бүгдэд төр зохицуулалт хийх хэрэгтэй биз дээ. Дээрээс нь татвараа хурааж авах шаардлагатай. Уг хяналт, хариуцлагатай холбоотой үүргийг төр маш сайн биелүүлж байж бүх зүйл зохих журмын дагуу явна. Гэтэл төр уул уурхайн компанитайгаа хамтраад бизнес эрхлээд ирэхээр энэ хяналт ямар нэг байдлаар суларна. Тухайлбал, байгаль орчинтой холбоотой зөрчил гарч торгууль тавих хэрэгтэй болоход төр тухайн компанийн нэг өмчлөгч учраас асуудлыг бас давхар харах шаардлагатай болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төр компанийн эзэмшигч учраас нэг талаас ашгаа их байлгамаар байдаг, гэтэл нөгөө талд байгаль орчинд хал багатай үйлдвэрлэл явуулахын тулд өндөр зардал гаргах шаарддагатай тулгарч байна. Энэ хоёрын зөрчилдөөнөөс болж төр хяналтынхаа үүргийг сулруулах магаддалтай.

Мэдээж уул уурхайн бизнесээс аль болох их ашиг хүргье гэж төр орж байгаа болов уу. Гэхдээ ашгийг төр засаг маш олон сувгаар хүртэж болно.

Жишээ нь татвар байна. Хэрэв татвар бага гэж үзэх юм бол хуулиа өөрчлөх эрх нь манай улсад бий. Үүнээс гадна төрд их хөрөнгө оруулалт хийх замаар хувьцаа эзэмшиж, бизнес эрхлэхээс илүү улс орны ирээдүйтэй холбоотой шийдвэрлэх маш олон асуудал байна. Түүнд хүчээ хаях хэрэгтэй. Харин ажиллаад сурчихсан компаниудаас шалгаруулж Тавантолгойд оруулж ирээд манай хууль тогтоомж, хяналтын тогтолцоо ийм шүү, та нар ил тод ажиллаж, төлөх ёстой татвараа өгнө шүү, хариуцах ёстой зүйлээ хариуцна гэсэн нөхцөлөө ил тод тавьж, тогтвортой байлгах хэрэгтэй. Ингээд нийгэм, эдийн засгийн     бусад     салбараа хөгжүүлэхэд анхаарлаа хандуулаад явах нь зүйтэй. Мэдээж уул уурхай мөнхийн зүйл биш. Саяхан эдийн засгийн бодлогоо ноолуур, аялал жуулчлал руу чиглүүлж байсан. Гэтэл арваадхан жилийн дараа уул уурхай гээд л явж байна. Бодлого нь тогтвортой бус, алсын хараагүй байгаагийн илрэл. Бусад салбарыг хөгжүүлж, хөрөнгө оруулж байж олон тулгуурт, тогтвортой эдийн засгийн орчинг бий болгож чадна шүү дээ.

-Зарим хүн уул уурхайгаас төр хувьцаа эзэмшээд явах нь зөв гээд байгаа?

-Миний хэлж байгаа зүйл туйлын юм биш. Зарим онцгой ач холбогдолтой, эсвэл үнэхээр онцгой ашигтай байна гэж үзсэн салбарт төр оролцож болно л доо. Гэхдээ энэ бол татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Тэдний зөвшөөрөлтэйгөөр мөнгийг нь зарцуулах ёстой. Өмнөх туршлагуудаас харахад манайх уул уурхайн компаниудад тавьж буй хяналт ямар түвшинд байгаа билээ, бүгд л мэднэ. Байгаль орчин бохирдсон жишээ захаас аваад байна. Тэгэхээр хяналтаа тавьж, байгаль орчноо нөхөн сэргээлгэж, татвараа үнэхээр хурааж чаддаг болсныхоо дараа төр бид ч гэсэн бизнес эрхэлж болох юм гэж ярьж болох байх. Гэтэл төр тэгэхгүйгээр бизнес рүү яваад орчихдог. Ингэснээр эргээд татвар төлөгчдийн мөнгийг эрсдэлд оруулж байна.

Нэг юмыг үргэлж санаж байх хэрэгтэй. Энэ бол газрын баялгийн зах зээлийн үнэ цэнэ маш их хэлбэлздэг явдал юм. Яахав сүүлийн жил ханш нь өндөр байна. Гэхдээ нэг л өдөр буурах эрсдэлтэйг олон жилийн туршлагаас харж болно. Тэгвэл төр ашштай гээд уул уурхайн бизнес рүү орлоо гэхэд хямрал хэзээ болохыг хэлж мэдэхгүй шүү дээ. Хэрэв эрсдэл үүслээ гэхэд төр давж гарахын тулд бусад салбарын татварыг нэмэхээс өөр гарцгүй болж, татвар төлөгчдийн нуруун дээр ачаа үүрүүлж, нийт эдийн засгаа хүндрүүлэх жишээтэй. Ийм зүйлийг төр засаг харж байх ёстой. Төр засаг бол бизнесийн салбар биш. Тиймээс эрсдэлтэй салбар   руу   явахаас   илүү  татвар төлөгчдийн мөнгийг аль болох эрсдэл багатай, хүн амын амьжиргааг дэмжсэн хэрэгцээтэй зүйлд зарцуулвал сайн.

-Уул уурхайн ашиглалттай холбоотойгоор их хэмжээний мөнгө орж ирэх төлөвтэй байна. Тэгвэл уг мөнгийг төр хэр зөв зүйтэй .зарцуулж байгаад хяналт тавих тогтолцоо байна уу?

-Ер нь уул уурхайгаас их мөнгөтэй болоод ирэхээр тайлангаа тавих төрийн сонирхол буурдаг. Магадгүй татварын ихэнхийг бүрдүүлдэг хамтарч ажилладаг хэдэн компанидаа тайлагнаж байвал боллоо гэсэн хандлага гарч ирэхийг үгүйсгэх аргагүй. Ялангуяа, уул уурхайгаас орж ирсэн мөнгийг улс төрийн зорилгоор зарцуулах сонирхол ихэснэ. Энэ тохиолдолд хамгаалалт алга байна л даа. Уг нь Төсвийн хариуцлагын тухай хууль гээд эхнээсээ гарч эхэлж байгаа. Гэхдээ энэ нь бас учир дутагдалтай. Жишээ нь Хөгжлийн банк байгуулна гэж яриад байна. Гэтэл тус банкийг байгуулах юм бол Төсвийн хариуцлагын тухай хуульдаа хамаарахгүй гэж байх жишээтэй.

Энэ тохиолдолд Төсвийн хариуцлагын тухай хууль гарсны хэрэггүй болчихож байгаа юм. Яагаад гэвэл өмнө нь төсвийн нэг хэсэг болгож зардаг байсан мөнгөө өнөөдөр Хөгжлийн банкаар дамжуулаад зарчихвал эдийн засагт оруулж буй мөнгөний хэмжээ нэмэгдээд явчихна. Үүнд дээр зарцуулалтыг хязгаарлах хариуцлагын тухай хуулийн зориулалт алдагдаж байгаа юм. Иймэрхүү олон зүйл байна л даа. Иймд эдгээрийг боловсронгуй болгож, эдийн засгийн эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй байна.

ТӨР БАЯЛГИЙН ЭЗДИЙНХ НЬ ӨМНӨ ИЛ ТОД, НЭЭЛТГЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

-Тавантолгойн ордын татварын хувь хэмжээн дээр ярих бололцоо байна уу?

-Одоогоор тийм боломж алга. Ялангуяа, ийм том төслүүд, тэгээд бүр төр нь оролцож байгаа тохиолдолд уг төслийн үр ашиг ямар байхыг ард түмэнд нээлттэй мэдээлж байх хэрэгтэй. Төр “бид ийм мөнгө оруулаад тэдэн жилийн дараа тэдэн төгрөгийг ашиг олохоор   төлөвлөж   байна, гэхдээ эрсдэл нь ийм байгаа шүү, хувь оруулахдаа ийм ийм хэлбэрээр санхүүжилтээ хийх боломжтой” гэсэн байдлаар ил тодоор ТЭЗҮ-ийг гаргаж мэдээлж байж татвар төлөгчдийн мөнгийг тэр эрсдэлтэй бизнес рүү оруулах хэрэгтэй. Манайд болохоор томоохон төслүүдийн ТЭЗҮ ил болоогүй, ард түмэндээ тайлбарлаж өгөөгүй байна. Тавантолгой ч ялгаагүй ийм л байгаа. Тиймээс ТЭЗҮ нь ил биш болохоор мэргэжилтэн, судлаачид энэ төсөл ашигтай юу, татварын хувь хэмжээ ямар байх зэргийг хэлж мэдэхгүй байна. Ер нь ямар ч мэргэжилтэн энэ төсөл ашигтай хэмээн тооцоо хийсэн ч гэсэн нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж болно шүү дээ. Түүхий эдийн зах зээлийн ханш хэрхэн өөрчлөгдөхийгяг таг хэлж мэдэхгүй гэх зэргээр олон хүчин зүйл байна.

-Ер нь Засгийн газарт уул уурхайн томоохон гэрээг ил тодоор мэдээлэх сонирхол алга байна. Энэ тохиолдолд цаашид хэрхэх ёстой вэ?

-Юуны төлөө гэрээ байгуулж байна вэ. Энэ бол ард түмний өмчийг захиран зарцуулах тухай гэрээ юм. Тэгэхээр эзэд нь өмчийг нь яаж ашиглах гэж байгааг мэдэх эрхтэй биз дээ. Энэ бол гэрээг ил тод болгох хангалттай үндэслэл гэж үзэж байна. Өөр үндэслэл зөндөө байж болно. Жишээ нь ард түмний нэрийн өмнөөс төр засаг гэрээ хийхдээ үнэхээр сайн болж байна уу гэдгийг олон  нийтээр хэлэлцүүлэх юм бол илүү сайжрах бололцоотой. Хоёрдугаарт гэрээг ил тод болгосноор магадгүй тухайн гэрээнд оролцож байгаа төрийн албан хаагч илүү хариуцлагтай хандаж болох юм. Намайг бүх ард түмэн харж байгаа, тиймээс үнэхээр чамбай гэрээ гаргахгүй бол болохгүй шүү гэж бодож ажиллана биз дээ. Гэрээ далд байгаа тохиолдолд түүнийг яаж ч хийсэн болно, яагаад гэвэл ард түмэн мэдэхгүи, надад ямар ч хариуцлага ногдохгүй юм чинь гэж бодохыг үгүйсгэхгүй. Эргээд энэ нь авлига үүсэх зэргээр олон сөрөг зүйлийг дагуулах магадлалтай. Ер нь хаалттай орчинд тийм юм байдаг шүү дээ. Олон зуун жилийн ардчилалтай орнууд хүртэл бүх зүйлийг нээлттэй, ил тод байлгах үүднээс нарны гэрлийн бодлого гээчийг хэрэгжүүлээд явж л байна. Сайжирсан уу гэхээс муудсан зүйл алга.

Одоогийн байдлаар манайд гэрээний ил тод байдал ямар байна вэ гэвэл Оюутолгойн гэрээ хэвлэгдчихсэн. Яамны вэб сайт дээр байна. Тавантолгойн хувьд ТЭЗҮ тодорхой болоогүй байна. Ил тод болох байх гэж найдаж байна. Тогтвортой байдлын гэрээ уул уурхайн салбарт 1996 оноос хийгдэж эхэлсэн. Өнөөгийн байдлаар гурван тогтвортой байдлын гэрээ байна. “Бороо гоулд”, “Чинхуа Мак”, “Цайртминерал” гэж бий. Энэ гурвын гэрээг Сангийн яам сайт дээрээ тавьсан байна лээ. Энэ бол нааштай алхам. Харамсалтай нь арваад жилийн дараа л ил болж байна. Арван жилийн өмнө ил болгоход ямар нэг асуудал байхгүй байсан. Харин ч тааруухан гэрээг анх ил тод болгосон бол мэргэжилтнүүд тал талаас нь санал бодлоо илэрхийлээд засаад явах байсан ч юм бил үү.

Мөн “Монголросцветмент”, “Эрдэнэт” хоёр бол засгийн газар хоорондын гэрээ юм. Энэ хоёр гэрээг ил болгох цаг болсон гэж боддог. Ялангуяа, “Эрдэнэт”-ийг авлигын уул уурхай гээд яриад байдаг. Үнэн ч юм уу, үгүй ч юм уу хэн ч мэдэхгүй. Тэгэхээр байгуулсан гэрээгээ ил болгох хэрэгтэй. Монгол Улс 51 хувийг эзэмшиж байгаа юм чинь Орос түншүүд зөвшөөрөхгүй гэж ярьж болохгүй. Өнөөдөр Оюутолгойн гэрээн дээр бүх шийдвэрийг канадууд гаргаад явж л байна шүү дээ. Бид зүгээр л хараад сууж байна. Тэгэхээр яагаад “Эрдэнэт”-ийн гэрээг ил болгоход Оросуудтай зөвлөлдөх ёстой юм.

УУЛ  УУРХАЙН КОМПАНИ, ТӨР ХОЁРЫН АВСАН ӨГСӨН ТЭНЦЭХГҮЙ БАЙНА

-Манай уул уурхайн гэрээнд хэтэрхий олон зүйл тусгаж, өөрсдөдөө ачаа, эрсдэл үүсгээд байна гэдэг. Энэ талаар та ямар бодолтой байна вэ, уул уурхайн гэрээнд ямар зүйлсийг тусгахад хангалттай вэ?

-Тийм ээ. Цаашид гэрээнд олон зүйл тусгадаггүй байх чиглэлээр ажиллахгүй бол болохгүй. Манайх орд болгон дээр гадны хөрөнгө оруулагч бүртэй гэрээ хийж байна. Түүгээрээ Монгол Улсын хуулийг өөрчлөх нөхцлүүдийг санал болгодог. Түүнээс болж хуулиа өөрчилж байна. Тухайлбал, Оюутолгойг батлагдахад манайх дөрвөн хуулиа өөрчилсөн шүү дээ. Зөвхөн нэг гэрээ батлахад дөрвөн хуулиа өөрчилж болохгүй. Дахиад нэг гэрээ батлахад хуулиа мөн л өөрчлөх үү. Ингээд яваад байвал хуулийн тогтвортой орчин харин ч байхгүй болно. Гэрээнд хэлэлцэж болох зүйл, болохгүй зүйл гэж бий. Магадгүй татварын орчин, хувийг чинь тодорхой байлгана. Хөрөнгийн баталгааг чинь бид гаргаж өгнө. Бусад зүйлсийн хувьд ижил төрлийн аж ахуйн нэгжүүд ямар л нөхцөлтэй байна, тухайн үед ямар л хууль үйлчилнэ, бид хуулиа яаж өөрчилнө тэр хэмжээгээр л та нар дагаж мөрдөнө гэсэн шаардлага тавих хэрэгтэй. Мэдээж зөвхөн танайхыг ялгаварлан гадуурхах, бизнесийг чинь дарамтлах бодлого явуулахгүй гэдгээ тохирох болно. Түүнээс биш хуулиа өөрчлөөд байж болохгүй. Жишээ нь ирээдүйд байгаль орчны стандартууд өөрчлөгдлөө гэхэд тухайн компанид хамаарахгүй юм шиг байдлаар гэрээ хийгдэж болохгүй. Өнөөгийн Ерөнхийлөгч л гэхэд Ардчилсан намын дарга байхдаа манайд хөрөнгө оруулалтын гэрээ хэрэггүй л гээд явж байсан шүү дээ.

-Манай улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад нэгдээд нэлээн хэдэн жилийн нүүр үзэжбайна. Одоогийн байдлаар хэдэн тайлан гаргаад байна вэ?

-Нийт 30 гаруй оронд хэрэгжүүлж байгаа Олборлох үйлдвэрлэлийг ил тод байлгах санаачилгад Монгол Улс нэгдэж орсон. Энэ санаачилгын утга нь нэг талаас компаниуд улсад төлсөн бүхий л төлбөрөө ил болгодог. Нөгөө талаас төр засаг уул уурхайн компаниудаас авсан бүх татвар хураамж, хандив тусламжаа тайлагнадаг. Ерөөсөө л хоёр талаас бүх юмаа тайлагнаж тус тоо нь тэнцэх ёстой юм. Тэнцэхгүй бол яагаад гэсэн асуудал үүснэ. Иймд хоёр талын тайланг хөндлөнгийн аудитын байгууллага шалгаад шалтгааныг нь тайлбарладаг. Манай улс гурван удаа санхүүгийн ил тод байдлын тайланг гаргалаа. Эхний жил хамгийн их татвар төлсөн 25 компани ороход 25 тэрбум төгрөгийн зөрүү гарсан. Өөрөөр хэлбэл, компаниуд мөнгөө төлсөн гээд байдаг. Засгийн газар аваагүй гээд байдаг. Тэр мөнгө хаачив. Энэ  асуудлыг нягталж шалгаач гээд Үндэсний аудитын газар хандсан. Харамсалтай нь хариу ирээгүй. 2007 оны тайлангаас бас тэрбум төгрөгийн зөрүү гарсан. Анх 10 орчим тэрбум төгрөгийн зөрүү гараад есөн тэрбум нь Алтан Дорнодтой холбоотой юм. Тэрийг нь орхиё гэсэн. Ингээд цаана нь тэрбум төгрөгийн зөрүү үлдэж байна. Энэ нь 25 тэрбум төгрөгтэй харьцуулахад бага сонсогдож байгаа л даа. Гэхдээ зөрөх есгүй тоо яагаад зөрөв. Гурав дахь жилийн буюу 2008 оны тайлан саяхан гарлаа. Үүн дээр 500 орчим сая төгрөгийн зөрүү гарсан. Бид уг зөрүүг шалгаж өгөх хүсэлт гаргасан. Харин 2009 оны тайлан гараагүй байна. Энэ онд багтаж гарах эсэхийг мэдэхгүй байна. Уг нь тайланг цаг тухайд нь гаргаад нийгмээрээ хэлэлцээд явах юм бол эргээд уул уурхайн салбарынхандаа хэрэггэй.

-Тайланг гаргаснаар өөр ямар давуу талууд бий болох вэ?

-Нэг талаас компаниуд нийгэмд бодитой юу өгч байгааг тайлангаас харж болно. Жишээ нь 2006 онд тайланд хамрагдсан компаниудын төрд төлсөн мөнгийг судлаад үзэхэд нийт баялгийн нөөцийн 40 хувийг “Эрдэнэт” ашигласан байгаа юм. Тэгсэн мөртлөө нийт татвар, төлбөрийн 90 хувийг тус үйлдвэр төлсөн байна. Цаана нь 24 компани баялгийн 60 хувийг ашиглачихаад 10-хан хувийн татвар төлсөн байх жишээтэй. Яахав “Эрдэнэт” том үйлдвэр л дээ. Гэхдээ цаана нь бодлогын гажуудал ч юм уу, өөр зүйл харагдаад байгаа биз. Дээрээс нь өнөөдөр Монголд 300 гаруй компани ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа гэж татварын албанд бүртгэгдсэн. Яг явуулж байна уу, ү1үй юу гэвэл бас өөр тоо гарах байх л даа. Эд нараас жилд 100 сая төгрөгийг татвар хураамж хэлбэрээр төлж байгаа компани 46 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, 300 гаруй компанийн арваадхан хувь нь алт, жонш, бусад ашигт малтмал ухасныхаа төлөө жилд 100 сая, түүнээс дээш төгрөгийн татвар, төлбөртөлж байна л даа. Энэ хангалттай тоо юу гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Бүгд уул уурхайн компани шүү дээ. Цаана нь 100 сая төгрөгийн байгаль сүйтгээд байгаа юм биш биз дээ. Магадгүй түүнийг огт ухаагүй бол нийгэмд илүү ач тустай байх байсан юм бил үү гэсэн олон асуулт тавьж болохоор байна. Харамсалтай нь тайл ангуудыг цаг хугацаанд нь гаргаж чадахгүй байна.

МАНАЙД БАЯЛГИЙН ХАРААЛЫН ШИНЖ ИЛЭРЧ ЭХЭЛСЭН

-Өнгөрсөн хавар болсон эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Ерөнхийлөгч асан П.Очирбат манайд баялгийн хараал бэлэн мөнгө тарааж байгаагаар илэрч буйг хэлсэн. Үүнтэй та санал нийлэх үү?

-Мөнгө тараах нь хараалын нэг хэсэг байж болох юм. Хараал гэдэг бол байгалийн баялагтай улс орон баялаггүй улс орны хөгжлийн хурдыг гүйцэхгүй байхыг хэлдэг. Ер нь Хараалын гурван шинж байдаг. Эхнийх нь авлига. Хоёр дахь нь зөрчил тэмцэл юм. Зарим хүн уул уурхайгаас баяжиж нөгөө хэсэг нь ядуураад ирэхээр нийгмийн давхаргуудын дунд зөрчил тэмцэл гардаг. Гурав дахь нь ядуурал юм. Уул уурхай хөгжиж, эдийн засаг өсөөд байгаа юм шиг хэрнээ ядуурал байсаар л байдаг. Тэгвэл манайд энэ гурван шинж тэмдэг байна уу гэвэл байна. Уул уурхайгаас үүдэлтэй зөрчил тэмцэл гарч байгааг бид мэднэ. Газар булаацалдаад нэгнийгээ буудаж байна. Нутгийн ардууд Хятад ажилчидтай зодолдож байна. Ядуурал  л   гэхэд  сүүлийн арван жилд буурсангүй. сүүлдээ ядуурлыг бууруулах асуудал төрийн бодлогод ч тусахаа болилоо шүү дээ. Өмнө нь ядуурлыг бууруулах эдийн засгийн өсөлтийн тухай ярьдаг байсан. Одоо энэ талаар төрийн ямар ч баримт бичигт алга. Авлига ямар байгааг хүн бүр мэднэ. Саяхан нэг уулзалтаар гадаадын төлөөлөгч Монгол дахь авлига хаана ч байхгүй хэмжээнд хүрсэн гэж ярьж байна лээ. Гадны хүн ингэж ил тод хэлж байгаа нь манайд авлига ямар хэмжээнд хүрснийг харуулж байна.

-Уул уурхайн олборлолт байгаль орчинд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд компаниуд хариуцлагаас мултрах арга саам хайх тохиолдол элбэг байна. Тухайлбал, Тавантолгойн хувьд гадны хөрөнгө оруулагчид алтыг нь авчихаад авдрыг нь хаяад явахаас сэргийлэхийн тулд гэрээнд хэрхэн тусгах шаардлагатай вэ?

-Оюутолгойн гэрээн дээр уурхайг хаахаас долоон жилийн өмнө уурхайг хаахтай холбоотой зардлыг тусгай санд бүрдүүлж эхлэх талаар тусгасан байдаг. Уурхай маань 60 жил ажиллана гэвэл 53 дахь жилээс санд мөнгө хуримтлуулж эхлэх юм байна л даа. Гэтэл 53 дахь жилээсээ сангаа бүрдүүлнэ хэмээн явж байтал 50 дахь жил дээр нь олборлогч компани гараад явчихвал яах юм. Тэр үед уурхайг хаах, мөн байгаль орчинтой холбоотой бусад зардал эргээд татвар төлөгчдийн нуруун дээр буух болно шүү дээ. Иймд миний бодлоор үйлдвэрлэл явуулж эхлэнгүүт нь сангийн хөрөнгийг бүрдүүлж эхлэх хэрэгтэй. Дараа нь ямар нэг байдлаар санд хуримтлуулсан мөнгө хаалтын үйл ажиллагаанд хүрэлцэхгүй, эсвэл компани гэнэт гараад явчих зэрэг эрсдэлтэй үед дээрх мөнгө хэрэгтэй болно. Тэр хөрөнгийг ашиглаад нөхөн сэргээлтээ хийх тогтолцоонд шилжмээр байгаа юм. Одоогийн байдлаар манайд тийм юм алга. Уурхайг хаахтай холбоотой маш олон асуудал гардаг. Одоо бидний мэдэхгүй асуудал ч гарч болно шүү дээ. Тийм учраас уурхайг ашиглахаас өмнө хаах төлөвлөгөөг гаргаж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас нь санг бүрдүүлж байх хэрэгтэй.

Г.Батзориг

Эх сурвалж: “Нийгминй толь” сонин

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.